Халуун ус, маникюр, гоо сайхны үйлчилгээг нээлээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-01-18 18:29:23

Өмнөговь /МОНЦАМЭ/ Даланзадгадад үйл ажиллагаа явуулдаг халуун ус, маникюр, гоо сайхны үйлчилгээг нээхээр болсон талаар Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.  

Гэр хорооллын айл өрхүүдийн хүсэлтээр халуун усны хэрэгцээ шаардлага их байгаа тул ийнхүү эрүүл ахуйн шаардлага хангасан долоон халуун усны газрыг нээхээр болжээ. Мөн зургаан маникюр, дөрвөн гоо сайхан газрын үйл ажиллагааг нээж байгаа аж. Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Орчны эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагч З.Хашбат "Манайхаас гаргасан 15 заалт бүхий зөвлөмжийн шаардлагыг 90-ээс дээш хувьтай биелүүлж буй газруудын үйл ажиллагааг нээж байгаа. Даланзадгадад үйл ажиллагаагаа нээхээр хүсэлтээ өгсөн 9 халуун усны газраас 7 нь шаардлага хангаж байгаа тул нээхээр болсон. Ер нь үйл ажиллагаагаа нээхээр хүсэлтээ өгсөн аж ахуй нэгжүүдээс шаардлага хангасныг нь нээхээр аймгийн Онцгой комисс руу нэрсийг нь явуулсан" гэлээ. 

Мэргэжлийн байгууллагын шаардлага, эрүүл ахуйн дэглэмийг сахисан газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээж ажиллуулах юм байна. 

Холбоотой мэдээ