Сумдын дарга нарт үүрэг чиглэл өгөв

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-01-18 17:42:52

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал 14 сумын дарга нартай уулзаж коронавурист цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутагтаа авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ болон өвөлжилт, отор нүүдэл, хөрөнгө оруулалт болон цаг үеийн ажлын талаар мэдээлэл өгч, тулгамдаж буй асуудлын талаар саналаа солилцсон байна.

Мөн сумдын төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг бүх шатанд сайжруулах, 2021 оныг бизнесийн хөгжлийг дэмжих жил болгосонтой холбогдуулан төлөвлөгөө гаргаж ажиллах, Сум хөгжүүлэх сангийн зээлийн олголт, эргэн төлөлтийн байдалд тавих хяналт шалгалтыг сайжруулж, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд тухай бүр хариуцлага тооцож  ажиллах зэрэг тодорхой үүрэг даалгавар өгчээ.

Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж буй ажлын хяналтыг сайжруулах, газар ашиглах, эзэмших, газрын төлбөртэй холбоотой асуудлыг нягтлан шалгаж зөрчлийг бүрэн арилгах, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр хийгдэх ажлын бэлтгэл хангах, санхүү, төсвийн орлогын бүрдүүлэлтэд анхаарахыг үүрэг болгов.

Холбоотой мэдээ