БНСУ руу хийх 2 нислэгээр 320 орчим монгол иргэн эх орондоо ирнэ

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2021-01-18 18:24:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 22-нд буюу баасан гарагт, мөн энэ сарын 31-нд БНСУ руу нэмэлт нислэг хийж, 320 орчим монгол иргэнийг эх оронд нь авчрах шийдвэр гарсан тухай Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээллээ.


Энэхүү төлөвлөгөөг ГХЯ, УОК-ын Шуурхай штабтай хамтран дотоодын нөөцтэйгөө уялдуулан гаргаж, өнөөдөр олон нийтэд албан ёсоор зарлаж байгааг УОК-ын Шуурхай штабын хэвлэлийн хурлын үеэр тэрбээр тодотгоод, "Нэгдүгээр сарын 15-нд манай улсын иргэд хамгийн олноор оршин суудаг БНСУ руу нэг нислэг үйлдсэн. Одоо хийх хоёр нислэгтэй нийлээд энэ сард үндсэндээ гурван нислэг хийнэ. Харин 2 дугаар сарын тусгай нислэгийн төлөвлөгөөний талаар нэгдүгээр сарын 27-ны өдөр албан ёсоор зарлана" гэв.


Сүүлийн хоёр сарын хугацаанд эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн тоо огцом нэмэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 8433 иргэн ийм хүсэлт гаргасан байна. Үүний 2659 нь яаралтай ирэх шаардлагатай хүмүүс байгаа аж. Бүсчлэн авч үзвэл, Ази тивээс 6315, Хойд америк тивээс 1478, Австрали тивээс 93, Африк тивээс 3, Европ тивээс 544 хүн хүсэлт гаргажээ.


Дэлхий даяар коронавируст халдвар тархаж эхэлсэнтэй холбоотойгоор Монгол Улс хилээ хааснаас хойш гадаадын 93 орноос тусгай онгоцоор 21 522, авто замаар ОХУ-аас 2417, БНХАУ-аас 4228 иргэнээ нийт 28195 иргэнээ манай улс татан аваад байгаа юм.   


Холбоотой мэдээ