Аймгийн засаг дарга бүрэн эрхийнхээ хугацаанд гурван зөвлөхтэй ажиллана

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-01-19 14:33:38

Хэнтий /МОНЦАМЭ/ Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат бүрэн эрхийнхээ хугацаанд өөрт үйлчлэх зөвлөхүүдээ томиллоо.

Тухайлбал, Аймаг, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн судалгаа, шинжилгээ, төсөл, хөтөлбөр хариуцсан орон тооны зөвлөхөөр Д.Амгаланбаатарыг, “Е-mongolia” системийг орон нутагт нэвтрүүлэх асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр О.Од-Эрдэнийг, Гадаад харилцаа хариуцсан орон тооны бус зөвлөхөөр Ч.Мөнх-Эрдэнэ нарыг тус тус томиллоо.

Дагдандоржийн Амгаланбаатар нь "Олон улсын Эдийн засагч" мэргэжилтэй бөгөөд 2006 оноос одоог хүртэл үндэсний судалгаа, зөвлөх үйлчилгээний “MMCG” ХХК-д Ерөнхий захирлаар ажиллаж байна. Тэрбээр 2016, 2020 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд 2016 оноос аймгийн Засаг даргын зөвлөх, “Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн судалгаа хариуцсан дэд тэргүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.

Оюуны Од-Эрдэнэ нь радио холбооны мэргэжилтэй Монгол Улсын Зөвлөх инженер. 1996 оноос МЦХ, МХС компанид ээлжийн инженер, АТС-ын инженер, ерөнхий инженер, газрын даргаар тасралтгүй 24 дэх жилдээ ажиллаж байна.

Чулуунбаатарын Мөнх-Эрдэнэ нь Эрх зүйч мэргэжилтэй. 2016 оноос аймгийн Засаг даргын зөвлөх, 2018 оноос Нэгдсэн үндэсний байгууллагын “Зах зээл бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн Хэнтий хариуцсан ажилтнаар ажиллаж байна.

                                                                                                           

Холбоотой мэдээ