Улсын чанартай автозамуудад хурд хэмжигч байршуулна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-01-20 21:10:56

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих, аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал нар Тосонцэнгэл суманд ажиллаж төрийн байгууллагуудын цар тахлын бэлтгэл бэлэн байдалтай газар дээр нь танилцлаа гэж аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээлэв.

-“Тосонцэнгэл сумын Цагдаагийн хэлтэс нь 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ байртай болж үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

Тус цагдаагийн хэлтэст 2020 онд бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчил өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13 нэгжээр буюу 11.7 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Гэмт хэргийн илрүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Цар тахлын үед бэлтгэл бэлэн байдлыг байнга ханган ажиллаж байгаа гэж аймгийн удирдлагуудад танилцуулав”. Харин аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ц.Улам-Оргих:

-”Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажлын төлөвлөгөө, ажиллах журмыг шинэчлэн боловсруулж байгаа. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэлтийг сайжруулахад аж ахуйн нэгж, байгууллагууд гадна орчны гэрэлтүүлэг, камертай байх шаардлагыг тавьж байна. Мөн сайжруулсан замтай болсноор орон нутгийн замд хурд хэтрүүлэх зэргээс үүдэлтэй осол гэмтэл ихсэх үзүүлэлттэй байна. Тиймээс орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр улсын чанартай авто зам дагуух хяналтын постуудыг хурд хэмжигч төхөөрөмжтэй болгохоор аймгийн үндсэн чиглэлд тусгаж баталсан байгаа. Ингэснээр зам тээврийн осол багасах юм. Аймгийн ИТХ-аас аймаг, сумын ИТХ-ын ажлын алба, төлөөлөгчдийн уялдаа холбоог сайжруулах. Төлөөлөгчдийг чадавхжуулах, ёс зүй сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд илүү анхаарч ажиллаж байна. Тиймээс орон нутгийн иргэд болон, төрийн байгууллагууд сумын болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөр дамжуулж санал хүсэлтээ илэрхийлэх боломжтой” хэмээв.


 Тосонцэнгэлийн эмнэлэг цар тахлын үед ажиллах бэлтгэл бэлэн гэв

-“Аймгийн удирдлагууд Тосонцэнгэл сумын Сум дундын эмнэлэг, сум дундын Цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, төрийн байгууллагын удирдах албан тушаалтны төлөөлөлтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсон зарим асуудлыг шийдвэрлэлээ.

Тосонцэнгэл сум нь 10 мянга гаруй хүн амтай томоохон сум. Мөн Улаанбаатар хотоос баруун чиглэлийн аймгууд руу явах автозам дайран өнгөрдөг олон хөлхсөн газар. Тиймээс энэ суманд цар тахлаас урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдал хамгийн чухал юм. Тосонцэнгэл сумын Сум дундын эмнэлгийн захиргаа удирдлагын багийн төлөөлөл эмнэлгийн үйл ажиллагаа, боловсон хүчин хүний нөөц, материаллаг баазын тухайд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлаа хангасан. Урьдчилан сэргийлэх ажлыг өөрийн дотоод нөөц боломждоо тулгуурлан хангасан байна. Эмч мэргэжилтнүүдийн хувьд цар тахлын үед ажиллах заавар, зөвлөгөө, журмыг онлайн сургалтаар суралцаж буй.  Мөн цар тахлаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг үйлчилгээ авч буй 3700 гаруй иргэнд өгчээ. Тус эмнэлэгт Өвсний үндэс төслийн санхүүжилтээр гадна дулаалга, цонхны засвар үйлчилгээ, ОНХС-ийн хөрөнгөөр хүлээн авах тасгийн тохижилт хийгдсэн байна. Харин Халдвартын тасгийн хувьд цар тахлын үеийн бэлэн байдлыг хангаж ажиллахад стандарт шаардлагад нийцэхгүй хэдий ч байгууллагын нөөц боломжийг ашиглан бүрдүүлж байгаа. Холын болон ойрын дуудлагын автомашины дулаан граш, автомашины парк шинэчлэл хийх зэрэг тулгамдсан асуудлууд байгаа гэж эмнэлгийн удирдлагууд танилцуулсан юм. Харин аймгийн удирдлагууд эрүүл мэндийн байгууллагад тулгамдаж буй асуудлуудыг нэн тэргүүнд шийдвэрлэхээ илэрхийллээ” гэж аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээлэв. 

Холбоотой мэдээ