Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг гаргахад 3 жил шаардагдана

Монголын мэдээ | Байгаль орчин
oyundelger@montsame.gov.mn
2021-01-19 11:28:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл нууранд живсэн машин, техник хэрэгслийг татаж гаргах ажлыг хамтран хэрэгжүүлэхэд ОХУ-ын ЭСЯ, Онцгой байдлын газар болон бусад мэргэжлийн байгууллага саналаа ирүүлээд байна.


Үүний тулд Хөвсгөл нууранд хийсэн судалгаа, төслийн үр дүнгээр мэдээллийн бааз байгуулж, гадаадын сайн туршлага нэвтрүүлж хамтран ажиллахдаа нууранд живсэн техник хэрэгслийн байршил тогтоох, ангилах, нөхцөл байдлыг тодорхойлох, эрсдэлгүй гаргаж авах төлөвлөгөө боловсруулах шаардлагатай байгаа аж.


Энэ талаар БОАЖЯ-ны Усны Бодлого зохицуулалтын газрын дарга Д.Мөнхбат мэдээлэхдээ, “Монгол Улсад тээврийн байгууллага үүссэн 1950-иад оны үеэс бартаа тойрох, зам товчлох гэж Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж, цөөнгүй машин цөмөрч живсэн байдаг. Харьцангуй гүн нуур учир живсэн техникийг гаргаж чадахгүй өдий хүрлээ. Эдгээр машин, техникийн хэрэглэж байсан түлшнээс гадна зарим нь бензин тээвэрлэж яваад живсэн учир байгаль орчинд ихээхэн эрсдэл дагуулж байгаа. Засгийн газар үүнээс урьдчилан сэргийлж 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гадаадын байгууллагатай хамтран Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын эрсдэлийн судалгаа хийж, нуурт живсэн машин, техникийг татаж гаргахаар тусгасан. Өнгөрсөн онд тогтоол гаргаж, Хөвсгөл нууранд живсэн машин техникийг татаж гаргах үйл ажиллагааны суурь судалгаа хийх төсвийг шийдсэн” гэв.


Хөвсгөл нь дэлхийн цэнгэг усны 0,4 хувь, Монгол орны гадаргын усны нөөцийн 70 хувийг дангаараа бүрдүүлдэг гүн цэнгэг устай нуур юм. Хөвсгөл нуурын физик газар зүй, байгаль орчны судалгааг 1903, 1935, 1965, 1970 он гээд тасралтгүй хийж ирсэн. Тухайлбал, Японы эрдэмтэд 2013 онд нуурын бохирдлын эрсдэлийн судалгаа хийж, нуурын гүнд живсэн машинуудыг татан гаргах зөвлөмж гаргажээ.


Зөвлөмжид нуурын ёроолд байгаа машин, техникийн байршил тогтоон, координатыг тодорхойлж, орчныг судалж эрсдэлгүй гаргахад нэг жил, машиныг татан гаргахад нэг жил, бусад үйл ажиллагаанд нэг жил зарцуулна гэж тооцжээ. Судалгаагаар нуурын ёсроолд 64 машин живсэн байх магадлалтай, тэдгээр нь өвлийн улирлын салхины чиг, мөсний хөдөлгөөн зэргээс үзэхэд ихэнх нь баруун эрэг рүүгээ шилжсэн байж болох дүгнэлт гаргажээ.

Азийнхөгжлийн банкнаас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Цаг уур орчны төвийн дэргэд Хөвсгөл нуурын усны чанарын судалгааны лабораторийг 2019 онд байгуулжээ.

 

Холбоотой мэдээ