Улаанбаатар хотод байгаа иргэдийг нэгдсэн зохион байгуулалтаар татан авна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-01-19 12:39:00

Ховд /МОНЦАМЭ/. Шинэ төрлийн коронавирусний халдварын тохиолдол Монгол Улсад бүртгэгдсэнээс хойш Улаанбаатар хотод байсан Ховд аймгийн 4000 гаруй иргэнийг орон нутагт татан авах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулсан.

Одоо ч ажил, амьдралын шаардлагаар ирж буй иргэдийг хүлээж авсаар байна. Зарим иргэн хуурамч бичиг баримт бүрдүүлэх, хулгайн замаар орон нутаг руу зорчих тохиолдол гарч байгаа нь эрсдэл үүсгэж болзошгүй.

Тиймээс Ховд аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.Дүгэржав Улсын болон Нийслэлийн Онцгой комисст хүсэлт уламжилж, Улаанбаатар хотод байгаа орон нутгийнхаа иргэдийг бүртгэж, нэгдсэн зохион байгуулалтад оруулан татан авах ажлыг нэг удаа зохион байгуулахаар шийдвэрлэжээ.  

Иймээс Улаанбаатар хотоос Ховд аймагт ирэх хүсэлтэй иргэд /оюутан/ аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-ын 7043-3801 дугаарын утсанд холбогдож, заасан хугацаанд бүртгүүлэх боломж нээлттэй байна. Мөн https://www.facebook.com/www.khoa.nema.gov.mn болон baruunbus.shtb@gmail.com гэх цахим хаягаар бүртгүүлэх аж. 

Бүртгэлийг 2021 оны 01 дүгээр сарын 19-23-ны өдөр хүртэлх хугацаанд 08:00-23:00 цагт хийнэ.

Бүртгэл дууссаны дараа Ховд аймагт ирэх хүсэлтэй иргэдийн нэгдсэн тоог гаргаж, татан авах ажлыг ирэх долоо хоногт мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ.   

Холбоотой мэдээ