“Ford” Герман дахь үйлдвэрээ түр хаажээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2021-01-19 13:12:04

ВАШИНГТОН. /CNN/. Америкийн “Ford” автомашин үйлдвэрлэгч компани чипийн хомсдолын улмаас Герман дахь үйлдвэрүүдийнхээ нэгийн үйл ажиллагааг сарын турш зогсоохоор болсноо мэдэгджээ.


“Чип хомсдож, эрэлт буурсантай холбоотойгоор Германы Зарлуи хот дахь үйлдвэрийн үйл ажиллагааг нэгдүгээр сарын 18-наас хоёрдугаар сарын 19 хүртэл зогсооно” гэж “Ford” мэдээлжээ. Европт хамгийн эрэлттэй “Focus” загварыг үйлдвэрлэдэг уг үйлдвэр нь 5000 орчим ажилтантай ажээ.


“Бид нөхцөл байдлыг нягт ажиглаж байна. Одоогийн байдлаар Европ дахь бусад үйлдвэрийг хаах төлөвлөгөөгүй байна” гэж “Ford” компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Мөн тус компани хагас дамжуулагч хомдсоны улмаас Кентукки муж улсын Луисвилл хот дахь үйлдвэрээ өнгөрсөн долоо хоногоос түр хаахад хүрсэн юм.


Чипийн хомсдол нь “Volkswagen”, “Fiat Chrysler”, “Toyota”, “Nissan”, “Honda” компанийн үйлдвэрлэлд мөн нөлөөлжээ. Жолоочийн туслах систем, навигацийн хяналт зэрэгт ашигладаг чип нэг машинд дунджаар 50-150 ширхэг шаардлагатай байдаг ажээ.   

Холбоотой мэдээ