Жолооч нар хатуу хучилттай замд хурд хэтрүүлэн тэмээ дайрч байгаа зөрчил их байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-01-20 10:28:12

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн ЗДТГ болон "Тэмээн соёл уралдааны холбоо"-ноос хамтран мал сүргээ хамгаалахыг жолооч нарт уриалсан байна.

Даланзадгадаас Улаанбаатар чиглэлийн авто зам болон Тавантолгойгоос Гашуунсухайтын чиглэлийн авто замд мал дайрах осол их гарч байгааг тэд онцолсон байна. Жолооч нар хатуу хучилттай зам дээр хурд хэтрүүлснээс үүдэн ялангуяа тэмээ дайрах зөрчил их байгаа аж.

"Тэмээн соёл уралдааны холбоо"-ны менежер М.Ариунсанаа "Өмнөговь аймгийн тэмээ бүхий бүс нутагт тэмээ дайруулах нь их байна. Замаар хөндлөн гарч байгаа тэмээг зам гатлах нь гэж иргэд бодоод хурдаа хасдаггүй. Гэтэл тэмээ буцаад эргэж дайрдаг амьтан, энэ нь бусад малаас онцлог. Мөн шөнийн замд бог мал болон адуу, үхрийн нүд гэрэлд ойж харагддаг бол тэмээ өндөр учраас машины гэрлийн тусгалаас нүд нь дээгүүр байдаг. Тиймээс холоос харагддаггүй тул тэмээг дайрах нь элбэг байна" гэлээ. Тиймээс хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцож, өөрийн эд хөрөнгө болон мал сүргээ хамгаалахыг уриалсан байна.

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа О.Чинзориг "Даланзадгад Цогт-Овоогийн чиглэлд гарч байгаа зам тээврийн ослын ихэнх нь жолооч хурд хэтрүүлснээс болсон байдаг. Харин мал дайрах асуудал дээр мэдээж жолооч нар буруутай, үүнээс гадна малчид малаа замаас гаргах, хариулга маллагаатай байлгаагүйгээс ийм асуудал болдог. Үүнээс үүдэн хүний амь ч хохирсон тохиолдол бий. Жолооч нарын хувьд хурдаа тохируулан замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулъя" гэлээ. 

Холбоотой мэдээ