Халдвар авсан алба хаагчдад тэтгэмж олгох тухай төслийг хэлэлцэв

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-01-19 18:34:04
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн өргөн мэдүүлсэн COVID-19 халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн алба хаагчид мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төслийг хэлэлцэв.


Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу улсын төсөвт нөлөөлөх байдлыг тооцсон саналыг Засгийн газраас авсны дараа хэлэлцэх горимын санал гаргав. Энэхүү горимын саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн, төсөл санаачлагч Ш.Адьшаа улсын төсөвт  орлого, зарлага гаргах асуудал төдийлөн үүсэхгүй, халдвар авсан албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг Засгийн газрын нөөц сангаас шийдвэрлэх боломжтой гэсэн байр суурь илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, "Цар тахлын голомтод, эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын урамшууллыг нэмэгдүүлсэн шиг санаж байна. Мөн албан үүргээ гүйцэтгэж байгаад халдвар авсан нь халдвар хамгааллын дэглэм зөрчсөн, хувь хүний хариуцлагаас болсон эсэхийг тооцож  тэтгэмж олгох асуудал яригдах ёстой" гэсэн байр суурь илэрхийллээ.


Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, зарим аймгуудын нэгдсэн эмнэлэг зэрэг 23 эрүүл мэндийн байгууллагын 531 эмч ажилтанд 2.1 тэрбум төгрөгийн тэтгэлэг өгөөд байгаа талаар гишүүдэд мэдээлэв.


Ингээд хуулийн төслийг улсын төсөвт нөлөөлөх байдлыг тооцсон саналыг Засгийн газраас авсны дараа хэлэлцэх УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн гаргасан горимын саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад гишүүдийн олонх дэмжлээ.


Хуралдааны төгсгөлд Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын баг байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг батлах тухай асуудлыг хэлэлцэж, тогтоолын төслийг гишүүдийн олонхын саналаар баталлаа. Ажлын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ажиллах юм.

Холбоотой мэдээ