Шадар сайд АНУ-ын Худалдааны танхимын төлөөлөгчидтэй цахимаар уулзав

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2021-01-19 19:09:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар АНУ-ын худалдааны АмЧам танхимын төлөөлөгч нартай цахимаар уулзав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос "COVID-19" халдварын цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээг бүхий талаар дэмжин, хамтран ажиллаж, хандив дэмжлэг үзүүлж ирсэн танхимын гишүүн байгууллагуудад талархал илэрхийллээ.

Цахим уулзалтаар АмЧам АНУ-ын худалдааны танхимаас авч хэрэгжүүлж буй ажлууд болон цаашид Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо. Тэр дундаа эдийн засаг, хувийн хэвшлийг дэмжин ажиллах болон цар тахлаас үүдэн бий болсон сөрөг үр дагаврыг арилгах, эдийн засгийг сэргээх үйл ажиллагаанд бизнесийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдын хувь нэмэр чухал байгааг талууд онцоллоо. 


АмЧам АНУ-ын худалдааны танхимын ТУЗ-ын дарга Стив Поттер АНУ болон олон улсын түвшинд халдварын цар тахлын үед авч хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засгийн бодлого, халдвар хамгааллын дэглэмийн талаар мэдээлэл өгсөн бол Шадар сайд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал болон коронавирусний үед авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа, вакцинжуулалтын талаар мөн мэдээллээ.


Холбоотой мэдээ