Монгол Улсыг Европын холбооны хар жагсаалтаас хассан тогтоолыг нийтлэв

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-01-20 10:51:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын Холбооны албан ёсны сэтгүүлд Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтаас хассан тогтоолыг энэ сарын 18-нд нийтэлжээ.


Тогтоолыг тус сэтгүүлд нийтэлсэнээс хойш 20 дахь хоногоос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөхийг Монголбанк мэдээллээ.

Монгол Улсыг 2019 оны 10 дугаар сард Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу саарал жагсаалтад орсонтой холбогдуулан Европын Холбооны өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтад оруулаад байсан юм.


Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гаргах хүрээнд төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийнхэн эрчимтэй хамтран ажиллаж, ФАТФ-аас өгсөн үүрэг даалгаврыг амжилттай биелүүлсэн. Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр гаргасан ахиц дэвшлийг ФАТФ өндрөөр үнэлж, 2020 оны 10 дугаар сарын 23-нд ФАТФ-ын саарал жагсаалтаас гаргахаар шийдсэн.


Улмаар Монгол Улс бусад улс орнуудтай харьцуулахад хамгийн богино хугацаанд буюу 1 жилийн дотор саарал жагсаалтаас гарч чадсан улс болсон. Иймд Европын Комиссоос Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай байдлыг Европын Холбооны 2015/849 дугаартай тогтоолын шаардлагуудын дагуу үнэлж, дараах дүгнэлт хийжээ.

Үүнд:

“Европын Комиссоос холбогдох мэдээлэлд үндэслэн үнэлгээ хийж, Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоон дахь стратегийн дутагдлаа арилгасан гэж дүгнэв.

Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооныхоо үр дүнтэй байдлыг бэхжүүлж, ФАТФ-ын илрүүлсэн стратегийн дутагдлыг арилгах чиглэлээр ажлын төлөвлөгөөнд тусгасан үүрэг даалгаврыг бүрэн биелүүлсэн. Эдгээр нь хангалттай өргөн цар хүрээтэй ажил болсон бөгөөд Европын Холбооны 2015/849 дугаар тогтоолын 9 дүгээр зүйлд заасан стратегийн дутагдлыг бүрэн арилгах шаардлага хангасан байна” гэжээ.


Монгол Улсыг Европын Холбооны өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтаас гаргаснаар Европын Холбооны гишүүн орны банк, санхүүгийн байгууллагуудтай бизнесийн харилцаа тогтоох, гүйлгээг богино хугацаанд хийх, Европын Холбооны санхүүжилтээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж нэмэгдэх юм.


Европын Холбооны албан ёсны сэтгүүлд нийтэлсэн 2021/37 дугаартай тогтоолтой дараах холбоосоор орж танилцах боломжтой.

 Official Journal of the European Union-Commission Delegated Regulation (EU) 2021/37

Холбоотой мэдээ