Б.Хүслэн: Монгол бичиг бол миний мөрөөдөл, сонгосон мэргэжилтэй минь салшгүй холбоотой

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2021-01-20 13:39:33

Төв /МОНЦАМЭ/. Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг "Хүмүүн бичиг” сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн“ улсын уралдаанд 2019 оноос хойш амжилттай оролцож байгаа сурагч бол Төв аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Б.Хүслэн юм.

2020 оны 24 дэх удаагийн улсын уралдаанд оролцож “12-р ангийн сурагчид” ангиллын шилдэг 6 сурагчийн нэгээр шалгарч, МУБИС-д монгол хэл, уран зохиолын багшаар дөрвөн жилийн хугацаанд суралцах эрхийн бичгээр шагнуулжээ. Түүний бүтээл, амжилтынх нь талаар ярилцлаа.


-“Монголын сайхан бичигтэн-2020” улсын уралдаанд "Үндэсний хэл бичиг -Тусгаар тогтнолын баталгаа болдгийн учир" гэсэн сэдвээр амжилттай оролцлоо. Энэхүү уралдаанд хэзээнээс оролцож байна вэ?

- Би "Монголын сайхан бичигтэн" уралдаанд 2019 оноос эхлэн оролцож байна. 2019 онд анх оролцохдоо "Эх хэлээ эрхэмлэн хамгаалахын учир" гэсэн сэдвээр бийр, үзгээр бичиж оролцож байсан. Харин энэ жил "Үндэсний хэл бичиг -Тусгаар тогтнолын баталгаа болдгийн учир" гэсэн сэдвээр бийр, үзгээр бичиж амжилттай оролцлоо.

-Бүтээлийнхээ онцлогоос дурдвал? Оролцогчид өөрсдийнхөө бүтээлээр хүмүүст ямар нэг зүйл хэлэхийг зорьдог шүү дээ.  

-Монгол бичиг нь Монголын ард түмний соёл мэдлэгийн санг олон жилийн туршид тээж ирсэн бичиг. Тиймээс нийтээр сурч эзэмших, түгээн дэлгэрүүлэх нь монгол хүн бүрийн үүрэг гэж ойлгодог. Тэр ч утгаараа энэ уралдааны ач холбогдол маш их. Миний бүтээлийн онцлог бол бидний түүх соёлыг одоо хүртэл хадгалсаар ирсэн үндэснийхээ бичгээ бид цаашдаа ч гэсэн хадгалан, одооноос эхлэн хүмүүсийг сурахыг уриалан бичсэн.

-Анх хэддүгээр ангиасаа монгол бичгийг судалж эхэлсэн бэ?

-Би  зургаадугаар ангиасаа эхлэн монгол бичгийг сонирхож судалж эхэлж байсан.

-Чиний хувьд "12-р ангийн сурагчид” ангиллын шилдэг 6 сурагчийн нэгээр шалгарч, дараа шалгалт өгч МУБИС-д монгол хэл, уран зохиолын багшаар дөрвөн жилийн хугацаанд суралцах эрхийн бичгээр шагнуулсан. Энэ талаараа онцолбол?

 -Тийм ээ. “Монголын сайхан бичигтэн“  2020 оны 24 дэх удаагийн улсын уралдааны нэг онцлог нь "12-р ангийн сурагчид” ангиллын төрөлд нэг сэдэв өгдөг. Тэр сэдвийг оролцогчид өөрсдөө зохиож бичдэг. Энэ нь оролцогчдын ур чадвар, сэтгэх чадвар гээд маш олон зүйлийг нэгэн зэрэг харуулах сайхан боломж. Эхний удаад 10 бүтээлээс хамгийн гоё, сайхан бичсэн 6 бүтээлийг шалгаруулдаг. Дараа нь шалгарсан 6 бүтээлийн оролцогчид шалгалт өгдөг. Гэхдээ шалгалт өгөх сурагчдаас монгол хэл, уран зохиолын багш болох эсвэл хэл судлаач мэргэжил эзэмших хүүхдүүд оролцдог. Тиймээс миний хувьд монгол  хэл, уран зохиолын багш болох хүсэлтэй учир шалгалтаа өгч дөрөвт орж МУБИС-д 4 жил сурах эрхийг бичгээр шагнуулсан. Багш хүн хүүхэд болгоныг сурган хөгжүүлэхийн тулд шаргуу ажилладаг мундаг хүмүүс байдаг учир миний хувьд багш нараасаа үлгэр дуурайлал авч энэ мэргэжлээ сонгосон. Сонгосон мэргэжлийнхээ дагуу цаашдаа ч гэсэн сурч хөдөлмөрлөсөөр байх болно.

-Монгол бичгийн давуу талаас онцолбол? Чиний хувьд бичвэрээ яаж бичдэг вэ?

-Монгол бичиг нь  хүнийг суулгаж сургадаг бас их нямбай, няхуур, бүтээлч хүн болгодгоороо давуу талтай. Миний хувьд монгол бичгийг нэгэн жигд бичихийг эрмэлздэг. Учир нь жигд бичсэн бичвэр илүү үзэмжтэй цэгцтэй харагддаг.

-Монгол бичгээр бичихэд тулгардаг бэрхшээл бий юу?                  

-Анх бичиж сурч байхад алдаа дутагдал их гарч байсан. Тиймээс монгол бичгийг олон дахин бичих тусам сайжирч, гарт илүү их ордог. Аливаа нэгэн зүйлийг тууштай хийвэл заавал амжилтад хүрдэг гэдгийг ойлгож авсан.

-Монгол бичиг сурах хамгийн амархан арга юу вэ?

-Монгол бичиг сурах хамгийн амархан арга бол эхийг шимтэн уншиж уйгагүй бичих юм шиг санагддаг. Учир нь сайн уншиж сурвал эргэн тойрны хүрээллийн хүмүүстээ сурталчилна. Манай ангийн багш "Хүмүүн бичиг" сониныг улирал бүр захиалж, анги хамт олноороо уншдаг. Энэ нь надад монгол бичгийг сурахад нэгэн түлхэц болсон гэж боддог. Мөн намайг дагаад миний хоёр дүү монгол бичгийг сонирхож судалж эхэлсэн.

-“Монголын сайхан бичигтэн” уралдаанд оролцоод амжилт гаргахад хамгийн түрүүнд бодогдсон бодлоосоо хуваалцвал?

-Анх байр эзэлсэн тухайгаа сонсоод хамгийн түрүүнд намайг маш их дэмждэг хайртай багш Ц.Өнөртуяа болон аав ээжийгээ бодсон .Намайг бүхий л зүйл дээр үргэлж дэмжиж өдий хүртэл тусалж, сургаж, зөвлөдөг байсанд  үнэхээр их талархахгүй байхын аргагүй сэтгэгдэл төрж байсан.

-Энэ жил төгсөх анги цахим хичээл хэр үр дүнтэй санагдаж байна вэ?

-Цахим хичээл нь надад амар санагдаж байгаа  Яагаад гэвэл цахим хичээл нь хүүхдийг бие даах чадварыг илүү их хөгжүүлж байгаа.  Хичээлүүдээ нөхөж үзэж болно бас бусад ангийн хичээлийг харж мэдээллүүдээ маш  хурдан авдаг.

-Цаашид “Монголын сайхан бичигтэн” уралдаанд оролцох уу?

-Тэгнээ. Миний мөрөөдөл, сонгосон мэргэжилтэй минь салшгүй холбоотой зүйл бол монгол бичиг. Тиймээс цаашдаа жил алгасалгүй оролцож байх болно.

-Монгол бичгээ бид тэр бүр сурч, судлахгүй л байна. Удахгүй төрийн бичиг болох гэж байдаг. Хүмүүст хандаж юу хэлмээр байна 

-Монгол бичиг нь монголчууд биднийг Тусгаар тогтносон улс гэдгийг батлах хүчин зүйлсийн минь нэг билээ. Тиймээс одоо төрийн бичиг болох гэж байгаатай холбоодуулан хүн бүр өдөрт бага багаар хичээвэл сурч болох болохоор өөрсдийнхөө түүх, соёлыг хадгалж үлдсэн бичгээ илүү урт удаан хамгаалахын тулд хүн бүр хичээж, нандигнан сурахыг уриалж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ