Д.Чойжамц хамба Нөхөн олговор олгох хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлэв

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-01-20 15:24:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын зарим гишүүн бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох  агуулгатай Нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлээд байгаа. Үүнтэй холбогдуулан Монголын бурхан шашинтны төвийн тэргүүн, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр хуулийн төсөл нь шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэх зорилготой шууд холбогдож байгаа тул дэмжиж буйгаа илэрхийлэв. 

Тэрээр “Хуучин социалист системд байсан Азийн орнууд шашныхаа соёлд нөхөн олговор олгосноор богинохон хугацаанд сүм дуганаа авч үлдэн, сэргээсэн. Тухайн үед нь ямар нэгэн сөрөг зүйл гаралгүйгээр шашны үйл ажиллагаа нь жигдэрсэн. Монгол орны хувьд шашинтай холбоотой олон зуун жилийн түүхийг хөгжлөөс салгаж, арчиж чадахгүй. Коммунизм л ганцхан хасах гэж оролдсон. Манай улс алдаа гаргаж байсан ч залруулаад шашинд эрх чөлөө олгосон. Үндсэн хуулийг батлах үеэр хуульч Б.Чимэдтэй ардчилсан нийгэмд шашныг яаж оршин тогтнуулж, зөв зүйтэйгээр Үндсэн хуульд тусгах тухай асуудлаар санал солилцож байхдаа гурван зүйл дээр анхаарах хэрэгтэйг хэлж байсан.


Нэгдүгээрт, ардчилсан нийгэмд хувийн өмчийг нэн тэргүүнд дээдлэх шаардлагатай. Тиймээс сүм хийдүүдэд өмчийнх нь асуудлыг нээж өгөх ёстой, Хоёрдугаарт, хүний эрхийн асуудал хамгаас чухал учраас иргэдийг шашин шүтдэг, шүтдэггүйгээр нь хязгаарлах, гадуурхсан зохицуулалт байж болохгүй. Эцэст нь, шашин шүтэх эрхийг нь иргэдэд нээж өгөх хэрэгтэй гэдгийг хэлж байсан. Үндсэн хуульд шашинтай холбоотой цөөхөн боловч сайн заалтууд орсон байдаг.

Олон жилийн түүх соёлтой уялдаа холбоотой уламжлалт шашнаа хүндэтгэж явах нь Монгол Улсын эв нэгдэл, ирээдүйд хэрэгтэй.


Бидэнд төрөөс нөхөн олговор олгоогүй, гадаадын ямар нэгэн хөрөнгө оруулалт байхгүй учраас сүсэгтнүүдийнхээ хандиваар л үйл ажиллагаа явуулдаг. Тийм учраас сүм хийдүүд орчин үеийн сүсэгтнүүдийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байгаа. Тиймээс энэ нөхөн олговрыг би дээд зэргээр дэмжиж байгаа” гэсэн юм.

Улс төрийн их хэлмэгдүүлэлтээр Монголын соёл, оюуны өв болсон бурхны шашин, соёлын биет болон биет бус өвийг хамгийн ихээр устгаж, хойч үедээ үнэлж баршгүй хохирол учруулсныг тэрээр дурдаж байв.


Судалгаанаас үзвэл, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлсэн 30 орчим мянган хүнээс 19758 лам байснаас 14 мянга гаруйг нь буудаж, үлдсэнийг нь 10 жил хорих ялаар шийтгэсэн бөгөөд хэлмэгдүүлэлтийн жилүүдэд уран барилгын цогцолборууд болох 750 гаруй сүм хийдийг устгаж сүйтгэжээ.



Иймд 1930-1940 онд Монгол Улсад устаж үгүй болсон бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэх зорилгоор уг хуулийг баталснаар Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасан уламжлалт шашинтай холбоотой заалтыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдэнэ гэдгийг Хамба лам мэдэгдлээ. Хуулийн төслийг санаачлагч нар бурхны шашны ном сургаалаар дамжуулан иргэдэд зөв амьдрах ухааныг түгээх, оюун санааг соён гэгээрүүлэх, монгол ёс, зан заншлыг хойч үедээ өвлүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж буй юм.


Ташрамд мэдээлэхэд, бурхан шашны биет болон биет бус өв соёл, сүм хийд, эд хөрөнгийг устгаснаас учрах хохирлыг жил бүрийн улсын төсөвт тусгах замаар олгох тухай Нөхөн олговрын хуулийн хэлэлцүүлэг УИХ дээр хойшлогдоод байгаа юм.

Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ