Банкны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-01-20 16:58:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.


Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлүүлсэн. Тухайн үед УИХ дахь АН-ын бүлэг ажлын 3 хоногийн завсарлага авсан нь өнөөдөр дууссан юм.


Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын багийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Г.Амартүвшин танилцуулсан юм. Тус баг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслийн хэлэлцэх эсэхийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад гишүүдээс гаргасан санал, байр суурийг анхаарч нягтлан ажлын дэд багаас гаргасан саналуудаар санал хурааж шийдвэрлэжээ. Төслийн анхны хэлэлцүүлгийн шатанд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 23 санал гаргасан байна. Чуулганаар дээрх 23 санал тус бүрээр санал хурааж шийдвэрлэсэн юм.


Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу 4.2 дахь хэсгийг “Банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани хэлбэртэй, бусад банк хувьцаат компанийн хэлбэртэй байна." гэж, төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу 3.1.20 дахь заалтыг “банкны системд нөлөө бүхий банк" гэж банкны хөрөнгө, өр төлбөрийн хэмжээ, төлбөрийн систем дэх гүйлгээний нийт дүнд эзлэх хувь, банкны үндсэн үйл ажиллагаа, санхүүгийн тогтолцоо дахь хамаарал зэрэг шалгуурыг нэгэн зэрэг баримтлан банкны тогтолцоонд нөлөөтэй гэж Монголбанкнаас тогтоосон банкийг” гэж тус тус өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.


Мөн төслийн 2 дугаар зүйлийн 3.1.12 дахь заалтын "хувьцаа эзэмшигчийг" гэсний дараа “банкны хувьцааны эцсийн өмчлөгчийн эрхийг шууд бусаар хэрэгжүүлдэг этгээдийг;” гэж," гэснийг “3.1.12."банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч” гэж банкны хувьцааны тав ба түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа этгээд, тэдгээрийн эцсийн өмчлөгч хүн, эсхүл банкны бодлого, шийдвэр болон удирдлагад нөлөөлөхүйц хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч хүнийг;" гэж өөрчлөн найруулахыг дэмжив. Түүнчлэн төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу 36 дугаар зүйлийн 36.3-36.11 дэх хэсгийг өөрчлөн найруулж, дугаарыг өөрчлөх, мөн зүйлийн 8 дахь заалт буюу 27.1.2 дахь заалтыг "Энэ хуульд өөрөөр заагаагүй бол банк төлбөрийн чадваргүй болсон, эсхүл төлбөрийн чадваргүй болох гарцаагүй нөхцөл байдал үүссэн тухай Монголбанкны шийдвэр гарсан, эсхүл хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээний шаардлагыг биелүүлээгүй бол;” гэж өөрчлөн найруулахаар боллоо.


Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Холбоотой мэдээ