Гадаргын болон халианы усыг дахин ашиглах талаар санал солилцов

Монголын мэдээ | Байгаль орчин
oyundelger@montsame.gov.mn
2021-01-20 19:38:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн банкны дэргэдэх 2030 Усны нөөцийн бүлгийн  Удирдах зөвлөлийн ээлжит хурал цахимаар боллоо.


Хуралд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд, Ногоон Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Эрдэнэбулган оролцон, гадаргын ус тэр дундаа өвлийн цагт хөлдөж бий болдог халианы усыг дахин ашиглах бодлого, хууль эрх зүйн талаар санал солилцов.


ТНБД Д. Ганболд энэ үеэр “БОАЖЯ, УУХҮЯ, 2030 Усны нөөцийн бүлэгтэй хамтран Өмнөд говийн бүсийн усны эрэлтийг хангах боломжит хувилбаруудад шинжилгээ хийж, сүүлийн жилүүдэд энэ бүс нутагт байгуулсан газар доорх усны мониторингийн цооногуудын өгөдлийг боловсруулах, үр дүнг нь шийдвэр гаргахад ашиглах, хяналт-удирдлагын динамик портал бий болголоо. Монгол Улсын эдийн засгийг 2020-2024 онд хөгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд говийн бүсэд төлөвлөж байгаа хүнд үйлдвэр ялангуяа, нүүрс боловсруулах, цахилгаан станц байгуулах төслийг урагшлуулах нь чухал байгаа. Гэвч усны эх үүсвэрийн нөөц нь эрэлтээ хангахгүй байгаа тул түүнийг нэмэгдүүлэх хувилбарын оновчтойг нь сонгон хэрэгжүүлэхэд энэ ажил үр дүнгээ өгч байгаа"-г тэмдэглэв. 


Хуралдааны төгсгөлд 2030 Усны Нөөцийн Бүлгийн Монгол дахь хөтөлбөрийн зохицуулагч Д.Доржсүрэн өнгөрсөн онд хийсэн ажлын үр дүн, энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцуулж хэлэлцүүлэн, батлуулахаар боллоо.

 

Холбоотой мэдээ