Биетээр олдсон хамгийн эртний хөгжим буюу Хүннүгийн хэл хуур

Монголын мэдээ | Соёл урлаг
sodonizm@gmail.com
2021-01-20 21:26:53

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хүннү нар уртын дуу дуулж, бүжиг бүжин хөгжим тоглодог байжээ. Тэдэнд цохивор хөгжмийн зэмсэг хүүрэг (хэнгэрэг), чавхдаст хуур (кунхоу), чавхдаст товшуур бийваа, үлээвэр цуур, лимбэ байсан хэмээн түүхэн сурвалжид тэмдэглэсэн үлдээсэн байна.


Харин тэдгээр хөгжмийн зэмсэг биетээр үлдэж хоцорсон нь үгүй юм. 1989 онд Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Морин толгойн булшнаас олдсон “хэл хуур” нь одоогоор биетээр олдсон Хүннүгийн цорын ганц хөгжмийн зэмсэгт тооцогдож байгаа ажээ.


Хэл хуурыг 12.5 см урт, 1.4 см өргөн, 2 мм зузаан ясаар сийлж хийсэн бөгөөд 9.7 см урт, уг хэсэгт 5 мм, үзүүрээр 2 мм өргөн ганц урт хэлтэй юм. Хуурын хэлний угт жижиг нүхтэй бөгөөд нөгөө талын хоёр хажууг дотогш хүнхийлгэн зорж барихад эвтэй болгожээ. Үүнтэй ижил төмрөөр хийсэн хуур Японоос Англи хүртэл олон оронд өргөн тархсан бөгөөд орчин үеийн баян, аккордион, төгөлдөр хуур, сүмийн хөгжим зэрэг бүх хөөргөн хөгжим нь хэл хуурынх шиг хийгээр үлээхэд авиа гарган эгшиглүүлдэг зэмсгээс бүтсэн байдаг байна.


Тиймээс хэл хуурыг орчин үеийн хөгжмийн өвөг хэмээн нэрлэж болох ба Морин толгойн булшнаас олдсон Хүннүгийн ясан хэл хуур нь хамгийн эртнийх болохын хувьд дэлхийн хөгжмийн түүхэнд үнэтэйд тооцогдох чухал олдвор юм гэж Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгээс мэдээллээ. 

Холбоотой мэдээ