Тогтвортой, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар ярилцав

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-01-21 10:05:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийг 2019-2024 онд Хөвсгөл нуур болон Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт хэрэгжүүлж байна.


Төслийн хүрээнд “Эко аялал жуулчлалын төлөвлөлт”, “Авто замын зураг төсөл” болон “Чингис хаан аялал жуулчлалын цогцолборын зураг төсөл боловсруулах, барилгын ажилд хяналт тавих” зөвлөх үйлчилгээний “Ажил эхлүүлэх” цахим уулзалтыг өчигдөр хийв.


Уулзалтаар Дадал суманд барих Чингис Хаан аялал жуулчлалын цогцолбор, түүний дагалдах бүтээн байгуулалт болох авто зам, авто зогсоол, эко аялал жуулчлалын төлөвлөлт, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, төслийн нийгмийн хамгааллын асуудлууд, гомдол хянан шийдвэрлэх механизм зэрэг сэдвээр танилцуулга хийж, мэдээллээ.


Ингэснээр талууд төслийн хүрээнд цаашид үр дүнтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурахаар тохиролцов.




Уулзалтад БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга, төслийн захирал С.Баясгалан, Төслийн зохицуулагч П.Түвшинжаргал, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, Засаг дарга Ц.Идэрбат, БОАЖГ, ГХБХБГ-ын төлөөлөл, төслийн нэгжийн зөвлөх болон холбогдох мэргэжилтэн, инженер техникийн ажилтан, орон нутгийн иргэний нийгмийн байгууллагынхан оролцсон юм.

 

Холбоотой мэдээ