“Rio Tinto” Оюу толгойн асуудлыг шийдэх хэлэлцээг Монголын талтай хийнэ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2021-01-21 17:07:29

ОТТАВА. /Canadian Mining Journal/. Монголын Оюу толгой зэс, алтны уурхайн үйл ажиллагааг хариуцдаг компаниуд уурхайн газар доорх өртгөтгөлийг үргэлжлүүлснээр Засгийн газрын санхүүгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлэх хэлэлцээ хийж байгаа тул ирэх 3-6 сар уг уурхайн хувьд чухал ач холбогдолтой байх төлөвтэй байна.


Rio Tinto” группээс өнгөрсөн сард танилцуулсан шинэ төлөвлөгөөгөөр Оюу толгойн далд уурхайн олборлолт 2022 оны 10 дугаар сараас эхэлнэ. Мөн төслийн бүтээн байгуулалтад 6.75 тэрбум ам.долларыг зарцуулахаар тооцоолсон нь 2015 онд байгуулсан гэрээнд тусгаснаас 1.4 тэрбум орчим ам.доллароор нэмэгдэх юм.


Харин Монголын Засгийн газрын хувьд шинээр танилцуулсан төлөвлөгөөнд сэтгэл хангалуун бус байгаа бөгөөд улс орондоо ирэх эдийн засгийн үр өгөөжийг эргэн харахыг “Rio Tinto” болон “Turquoise Hill Resources” компаниас хүснэ гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.


“Оюу толгойн нийт нөөцийн 80 хувийг далд уурхайгаас олборлоно. Иймээс далд уурхайн төсөл Монгол Улсад үр өгөөжөө өгнө гэж үзэж байгаа тул Засгийн газар уг төслийг дэмжиж байгаа” гэж Монголын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонго өнгөрсөн пүрэв гарагт мэдээлжээ. 

Холбоотой мэдээ