Есөн настай охиныг хөнөөсөн хойд эцэгт 20 жилийн ял оноолоо

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2021-01-22 17:18:34

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд амьдардаг есөн настай охин гэр бүлийн хүчирхийллийн улмаас өнгөрсөн оны есдүгээр сарын 20-нд нас барсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэрэгт охины хойд эцэг иргэн Б-г холбогдуулан шалгаж эхэлснийг Цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан юм.


Тэгвэл өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцээд, охины хойд эцэг М.Баттулгад 20 жил биечлэн эдлэх хорих ял оноолоо.


Ялыг дэлгэрэнгүй тайлбарлавал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8 дахь заалтад тус тус зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг  нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэжээ.


Үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3  дахь хэсэгт тус тус заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн /тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс  хэтэрч болохгүй гэж заасны дагуу/ нийт биечлэн эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.


Холбоотой мэдээ