Нийслэлд 19 хүнд коронавируст халдвар илэрчээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-01-23 11:03:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 22-нд хийсэн PCR шинжилгээгээр 19 хүнд коронавируст халдвар илэрчээ.

 

ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид  нийтдээ  15 071 хүнд шинжилгээ хийсэн байна.


Шинээр илэрсэн тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлын гэр бүлийн ойрын хавьтлууд, ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдсан хүмүүсийн анхан болон давтан шинжилгээгээр халдвар илэрчээ. Энэ нь “Монос” эмийн сантай холбоотой  тав, Хасбанк банктай холбоотой нэг, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн гэр бүлийн хавьтал болсон хүмүүс юм.


Ингэснээр Улаанбаатар хотод коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 782 болж байна. Сүүлийн  24 цагт бусад аймагт халдвар бүртгэгдээгүй. 


Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол нийт 1 611 болжээ. Үүнээс 1125 хүн эдгэрээд байна.



ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт коронавируст халдвартай 473 хүн эмчлүүлж байна.  Сүүлийн 24  цагийн дотор 28 хүн эдгэрчээ.


Одоогоор “Монос” эмийн сан, Баянгол дүүргийн 12 дугаар хорооны  19 дүгээр байрны холбоотой голомт идэвхтэй байна. Үүнээс улбаатай гэр бүл, албан газарт гарсан халдвар үргэлжилж байна. Мөн тохижилт үйлчилгээний компанийн халдвар үргэлжлэн явагдаж байна. Иймээс халдвар хаанаас ч гарах эрсдэлтэй тул амны хаалт зүүх, бөөгнөрөл үүссэн газраар явахгүй байх, хувийн ариун цэвэр сахихыг иргэдэд ХӨСҮТ-ээс анхаарууллаа.

Холбоотой мэдээ