Ларри Кинг таалал төгсжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-01-23 21:52:48

ЛОС-АНЖЕЛЕС. /TASS/. Америкийн телевизийн алдарт хөтлөгч Ларри Кинг 87 насандаа таалал төгслөө.


Телевизийн хөтлөгч Лос-Анжелесийн эмнэлэгт нас барсан гэж  албан ёсны твиттер хуудсанд нь мэдээлсэн боловч нас барсан шалтгааныг тодорхой дурдаагүй байна.


Ларри Кинг коронавирусний халдвар авч эмнэлэгт эмчлүүлж байгаа тухай "CNN" телевиз нэгдүгээр сарын 2-нд мэдээлсэн билээ. 


1980-аад онд тэрбээр зүрхний шигдээсээр өвчилж, дараа нь түрүү булчирхайн хорт хавдар туссан ч ялж чадсан юм. 2017 онд  цээжний ясан дахь хорт хавдар авах мэс засал хийлгэжээ.


Ларри Кинг (жинхэнэ нэр нь Лоуренс Харви Зейгер) 1933 оны 11 дүгээр сарын 19-нд Нью-Йоркт (Бруклин) Беларусь улсаас ирсэн еврей цагаачдын гэр бүлд төржээ. “Larry King Live” ток шоу нь “CNN” сувгаар 25 жилийн турш цацагдсан бөгөөд нэг сувгаар, хөтлөгчөө солилгүй хамгийн удаан үргэлжилсэн шоуны хувиар Гиннесийн дээд амжилтын номд бүртгэгдсэн билээ.


Нүдний шил, мөрөвч хоёроор нэрийн хуудас хийсэн Кинг 50-60 мянган хүнтэй ярилцлага хийжээ. Түүний ярилцагчдын дунд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин (2000, 2010), Михаил Горбачев (2008), Ричард Никсоноос эхлээд АНУ-ын бүх Ерөнхийлөгч, мөн Маргарет Тэтчер, Мартин Лютер Кинг, Нельсон Мандела, Фрэнк Синатра, Марлон Брандо, Майк Тайсон, Стиви Уандер, Пол Маккартни нар байв. 2010 онд Кинг телевизээс явж байгаагаа зарласан боловч 2013 оноос “Larry King Now” нэвтрүүлгийг “RT America” сувгаар хөтөлж эхэлжээ. Тэрбээр мөн “Ora TV” телевизээр гардаг “PoliticKING” шоуг хөтлөн явуулдаг байв.


Түүнчлэн 150 орчим кинонд өөрөө өөрийнхөө дүрд тоглосон бөгөөд хүүхэлдэйн киноны баатруудад нэг бус удаа дуу оруулжээ.


 


Холбоотой мэдээ