Ө.Шижир: Ерөнхийлөгч гурван хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-01-25 12:20:14
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигын эсрэг хууль, Шүүхийн багц хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчилсэн хориг тавьсан талаар ЕТГ-ын дарга Ө.Шижир өнөөдөр мэдээлэв. 


Нэгдүгээрт, Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод 2005 онд нэгдэж 2006 оны долоодугаар сард УИХ-аас Авлигын эсрэг хуулийг баталсан. Улмаар 2007 оны нэгдүгээр сард  АТГ-ыг байгуулсан. Тухайн үед УИХ-ын гишүүн байсан долоон хүн өнөөдөр мөн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг эдэлж байна. Тухайн үеийн протоколд, АТГ-ын даргыг УИХ-аас томилсноор, ялсан намын хараат болох тул бүх ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгч санал болгодог байх саналыг дэмжиж баталжээ. Гэвч энэ сарын 14-нд ЕТГ-т ёсчлон ирүүлсэн Авлигын эсрэг хуульд уг үзэл баримтлалаас ухарсан заалт орсон хэмээн ЕТГ-ын дарга Ө.Шижир тэмдэглэв. Тэрбээр, "Засгийн газраас өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай төсөлд, АТГ-ын дэд даргыг АТГ-ын дарга томилдог байхаар оруулж ирсэн ч хэлэлцүүлгийн явцад хоёуланг нь Ерөнхий сайд томилдог байх УИХ-ын гишүүний саналыг дэмжсэн. Энэ нь авлигын эсрэг тэмцэх боломжгүй гэж Ерөнхийлөгч үзсэн" хэмээв.


Мөн АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлдэг 41 686 төрийн албан хаагчийн 33 428 нь Засгийн газар, түүний агентлаг, орон нутгийн ИТХ, Засаг дарга зэрэг албан тушаалтан байгаа аж. Өөрөөр хэлбэл, АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлдэг алба хаагчдын 99.98 хувь нь ялсан намын бүтэц байна гэж тодотгов.


Хоёрдугаарт, Шүүхийн тухай хуулийг УИХ-аас хэлэлцэн батлахдаа, эрх баригчид хэт олонхоороо түрэмгийлэн шүүгчийг өөрийн нөлөөндөө автуулах гэсэн зорилгоо баталгаажуулсан гэж Ерөнхийлөгч үзсэн гэлээ. Учир нь ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан УИХ-ын гишүүний ахалсан ажлын баг томилдог байх заалт оруулсан. Энэ нь ШЕЗ болон Шүүхийн сахилгын хороо нь УИХ-аас хараат байгууллага болно гэж үзсэн гэв. Ингэснээр, шүүхийн өөрийн бие даасан хараат бус байдал, боловсон хүчний бодлого, сахилга хариуцлагын  асуудалд улс төрийн нөлөөлөл шууд оролцоход хүрнэ гэдгийг тэмдэглэв. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд буюу УИХ-ын сонгуулиар олонх болсон улс төрийн намын хүчин ШЕЗ, Сахилгын хорооны гишүүний  томилгоог хийдэг болж буйг тодотгов.

ЕТГ-ын дарга Ө.Шижир хэлэхдээ, "Жишээ дурдахад, ХЭҮК-ын гишүүдийг УИХ-аар нээлттэй сонсгол хийж сонгосон, сайн жишиг боллоо гэж  УИХ-ын гишүүд ярьж байсан. Гэтэл ХЭҮК эх, үрийн эмзэглэм асуудалд хаана байсан бэ. Тэр орой УИХ-д шаардлагаа яагаад хүргүүлээгүй вэ. Учир нь, УИХ-аас томилсон бүтцийн байгууллага УИХ, Засгийн газрын үйл хэргийг хүчтэй тэмцэж чадахгүй гэдгийн нотолгоо юм" гэв.


Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд, УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ өөрчлөхөөр заасан байдаг. Гэтэл ШЕЗ, Шүүхийн сахилгын хороо нь УИХ-д шууд ажлаа тайлагнадаг байгууллага биш гэдгийг тодотгов. 


Гуравдугаарт, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар төрийн босоо тогтолцоог Засгийн газарт бий болгосон гэлээ. Тодруулбал, хуулийн заалтад, Ерөнхий сайд буюу дээд шатны Засаг дарга нь өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж үзвэл Засаг даргыг огцруулахаар тусгасан. Энэ нь орон нутгийн сонгуулийн үр дүнгээр гарч ирсэн аймаг, дүүргийн Засаг даргыг Ерөнхий сайд шууд огцруулах үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл, орон нутгийн сонгуульд оролцох иргэдийн сонгох эрхэд ноцтой халдаж байна гэж Ерөнхийлөгч үзсэн хэмээн ЕТГ-ын дарга Ө.Шижир онцоллоо. 


"Ерөнхий сайд доод шатны Засаг дарга болон аймаг, нийслэлийн Засаг даргыг өөрийн санаачилгаар огцруулах шийдвэр гаргана гэж тусгасан. Ингэснээр, УИХ-аас тухайн ИТХ-д яаралтай мэдэгдэж 15 хоногийн дотор Засаг даргаа шинээр нэр дэвшүүлнэ гэсэн үг. Орон нутгийн сонгуулиар  харилцан адилгүй  үр дүн гарсан бол Ерөнхий сайд тухайн орон нутгийн сонгуулийн үр дүнг өөрийн хүссэнээр өөрчлөх, Засаг дагыг огцруулах, сахилгын шийтгэл оноох хүртэл эрх мэдэлтэй болж байна. Төрийн босоо тогтолцоо бий болж байна гэсэн үг. 1990 онд Ардчилсан холбооны тэмцэж байсан тэмцлийн үе рүү буцаад ухарсан гэж үзэж болно" хэмээлээ. 

Холбоотой мэдээ