Цар тахлын дараах аялал жуулчлалын салбарыг сэргээх хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-01-25 11:29:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ ирэх дөрвөн жилд цар тахлын дараа аялал жуулчлалын салбарыг дахин сэргээх, жуулчдын урсгалыг богино хугацаанд буцаж бий болгоход гол үйл ажиллагаагаа чиглүүлнэ.


Ингэхдээ аялал жуулчлалын салбарыг хөгжлийг монгол орны бүс бүрийн онцлогт тохирсон байдлаар хөгжүүлэх, хөдөө орон нутагт ажлын байр нэмэгдүүлж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, аялал жуулчлалаас үүдэлтэй байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой.


Юуны түрүүнд, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай хамтраад цар тахлын дараах аялал жуулчлалын салбарыг сэргээх хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Дэлхийд нэрд гарсан шинжээчидтэй хамтарч, олон улсад сайн хэрэгжүүлж буй жишгийг дотоодын салбарын онцлогт тулгуурлан, богино хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ. Үүний дүнд 2024 он гэхэд 2019 оны зорилт руу хүрэх боломж бий болгохыг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Баясгалан хэллээ.


Цар тахлын нөлөөгөөр жуулчид айдастай болсон, аялах явцдаа халдвар авахаас эмээнэ. Иймд жуулчлалтай холбоотой бүтээгдэхүүн, үйлчилгээг аюулгүй байлгах, шалгуур үзүүлэлт хангах, бүх аж ахуйн нэгжээ олон улсын аюулгүй аяллын шошгоор баталгаажуулж зах зээлд сурталчлах юм.


Хил нээсний дараа жуулчны урсгалыг нэмэхийн тулд хил орчмын жуулчны урсгалыг нэмэх төсөл хэрэгжүүлнэ. Газрын боомтоор ирэх жуулчдаас гадна ойрын богино зайн нислэг бий болгосноор жуулчдын урсгал бий болгоно. Бусад зах зээлээс ирэх жуулчны тоог ч нэмэх боломжтой. Монгол Улсад жуулчлалын 2 том кластер байгаа. Эхнийх нь Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан гэсэн дөрвөн улс дамнасан Алтайн аялал жуулчлалын кластер, удаах нь Монголын говь, Хятадын говь буюу говийн аялал жуулчлалын кластер гэсэн шинэ брэнд гаргахаар зорилт дэвшүүлсэн”-ийг тэрбээр ярив.

Холбоотой мэдээ