Элчин сайд Д.Даваа “Газопровод союз восток” компанийн захиралтай уулзав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2021-01-25 17:55:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа “Газопровод союз восток” компанийн захирал Евгений Николаевич Асеевтэй энэ сарын 21-нд цахим уулзалт хийв.


ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тавих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах үүрэг бүхий ОХУ-ын “Газпром” НХН-ийн харьяа, тусгай зориулалтын “Газопровод союз восток” компанийг манай улсын Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэсэн юм.


Цахим уулзалтын эхэнд Элчин сайд Д.Даваа Е.Н.Асеевт “Газопровод союз восток” компанийн захирлаар томилогдсонд баяр хүргэж, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ бүх талаар дэмжихэд бэлэн буйгаа илэрхийлсэн байна.


Энэхүү уулзалтын хүрээнд “Газопровод союз восток” компани Монгол Улсын Худалдаа хөгжлийн банканд “байнгын данс нээлгэхэд шаардлагатай бичиг баримтын жагсаалт, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Монголын талын баталгаажуулах шаардлагатай бичиг баримтын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцжээ. Улмаар тус компанийн үйл ажиллагааг жигдрүүлэхтэй холбогдуулан талууд цаашид нягт хамтран ажиллахаар тохирсон байна.


Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ болон Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төвийн төлөөлөгч оролцов.

Холбоотой мэдээ