Сумдын Засаг дарга, байгууллагын дарга нарт хугацаатай үүрэг даалгавар өгөв

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-01-26 17:20:07

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Д.Золжаргал сумдын Засаг дарга, байгууллагын дарга нартай онлайн хурлыг нэгдүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Хурлын үеэр аймгийн Засаг дарга цаг үеийн холбогдолтой мэдээллийг хийж, Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн /ХШҮДАХ/ дарга Б.Лхагвасүрэн шинээр томилогдсон хэлтэс, агентлагийн дарга нарыг танилцуулжээ.

Мөн аймгийн МХГ "Ковид-19" цар тахлын үед зарим суманд ажилласан хяналт шалгалтын явцын талаарх мэдээлэл, анхаарах асуудлыг хэлэлцэж, зөрчил илэрсэн зарим суманд албан шаардлага хүргүүлэх талаар дурдав.

Сумдын 2020 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнг ХШҮДАХ-ийн дарга Б.Лхагвасүрэн танилцуулж, эхний 5 байрт орсон сумдыг шагнах шийдвэрийг гаргав. 2021 оны ажлыг дүгнэхдээ шинээр зарим үзүүлэлтийг нэмж үнэлгээнд оруулах саналтай байгаа талаар аймгийн Засаг дарга онцоллоо.

Үргэлжлээд 19 сумын удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдлын мэдээллээ танилцуулж, асуух асуулт, санал хүсэлт тавьж, тэдний асуултад холбогдох хэлтэс, агентлагийн удирдлагууд хариулт өгч, санал хүсэлтийг шийдвэрлэх талаар арга хэмжээ авч ажиллахаа хэлсэн юм.

Хурлын төгсгөлд сумдын Засаг дарга, байгууллагын дарга нарт хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг дүгнэж ажиллах болно гэв. 

1. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, сумын хөгжлийн жилийн төлөвлөгөө, сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулахдаа зорилт, арга хэмжээ болон тэдгээрийн шалгуур үзүүлэлтийг оновчтой тодорхойлох, суурь түвшин, хүрэх түвшинг бодитой тогтоох, тухайн орон нутгийн хөгжлийг хангах, дээд эрэмбийн баримт бичгийг хэрэгжүүлэхэд чиглэсэн, сум орон нутгийнхаа онцлогийг тусган боловсруулах, хэрэгжилтийг шинээр батлагдсан журмын дагуу бодитой үнэлэх,

2. Сумын цахим хуудсыг ил тод болгох, цаг үеийн мэдээ мэдээллийг тухай бүр шинэчлэх иргэдийг тасралтгүй бодит мэдээллээр хангах,

3. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах,

4. 2020 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан барилга байгууламжуудыг орон нутгийн өмчид бүртгэж авах, ашиглалт хамгаалалтыг хангаж ажиллах,

5. Бүх шатны төрийн албан хаагчид ажил, албан үүргээ хэрэгжүүлэхдээ иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчлэх, ёс зүйн доголдол гаргахгүй байх,

6. Батлагдсан хуваарийн дагуу төсвийн орлогыг жигд ханган биелүүлэх, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, татварын бааз суурийг өргөтгөх,

7. Улсын хэмжээнд цагаан сар тэмдэглэхгүй байх талаар гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2021 оны  01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах,

8. Хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах эрх бүхий албан тушаалтнууд 2 дугаар сарын 10-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргах, АТГ-т хүргүүлэх, хуулийн хугацаа хоцроохгүй байх,

9. ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад давтлага хийж эхэлсэн тул холбогдох дүрэм, журам зааврыг мөрдөж ажиллах, түүнд хяналт тавих,

10. Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааг нэгдүгээр улиралд багтаан эхлүүлж, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах,

11. 2021 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлаж байгаатай холбогдуулан хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган батлуулах,

12. Сум  бүр Эмнэлэг, Сургууль, Цэцэрлэг, дотуур байрандаа био ОО, био угаалтууртай болох талаар судалж, шийдвэрлэх гэх зэрэг нийт 16 төрлийн үүрэг чиглэлийг өгсөн байна.


Холбоотой мэдээ