Хүйтний эрч чангарч, зарим газраар шуурна

Монголын мэдээ | Байгаль орчин
oyundelger@montsame.gov.mn
2021-01-27 10:49:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ус цаг  уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 27-31-нд зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах төлөвтэйг анхаарууллаа.


Энэ сарын 26-27-нд ихэнх нутгаар салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул голын хөндийгөөр шөнө 36-41, өдөртөө 24-29 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнө 30-35, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр газраар шөнө 14-19, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнө 25-30, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.


Улаанбаатар хот орчмоор үүлшиж, ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнө Яармаг-Сонгины орчмоор 36-38, бусад хэсгээр 28-30, өдөртөө 21-23 хэм хүйтэн байх юм.


Энэ сарын 29, 31-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчир, Дорнод-Монголын тал нутгаар цас орох аж.  Салхи 28, 29-нд говь, тал, хээрийн нутгаар, 30, 31-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсч, явган шуурга шуурна.


Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Халх голын хөндийгөөр шөнө 35-40, өдөртөө 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр шөнө 31-36, өдөртөө 16-21 хэм, цас багатай энгэр ээвэр газраар шөнө 12-17, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнө 21-26, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. Нутгийн хойд хэсгээр 31-нд хүйтний эрч чангарна гэжээ.

 

Холбоотой мэдээ