Дарви суманд тусгаарлагдсан 44 зорчигчийг Улаанбаатарт авчирна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
sodonizm@gmail.com
2021-01-27 11:15:34

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Ховд аймгийн Дарви суманд өчигдөр тусгаарлагдсан, халдвартай нь батлагдсан хоёр иргэн, автобусны жолооч болон тэдэнтэй хамт тус аймаг руу зорчиж явсан нийт 44 иргэнийг эргүүлэн Улаанбаатар хот руу тусгай нислэгээр тээвэрлэх гэж байна.


Ховд аймгийн нисэх онгоцны буудалд “Hunnu air" онгоц газардаад байгаа бөгөөд иргэдийг авчирч ХӨСҮТ-д тусгаарлах юм. УОК-оос ирүүлсэн мэдээгээр тус онгоц "Буянт Ухаа" нисэх онгоцны буудалд 12.30 цагт газардах юм байна. 


Нийт зорчигчдын тоо зөрүүтэй мэдээлэгдэж байгааг Ховд аймгийн ЗӨСҮТ-ийн газрын дарга Б.Баяржаргалаас тодруулахад, “Нийт 44 иргэн зорчиж явснаас гурав нь хүүхэд юм. Сэжигтэй тохиолдлуудын биеийн байдал хэвийн байгаа бөгөөд нэмж халдвар илрээгүй” гэв.


Энэ сарын 25-нд  Ховд аймгийн онцгой комиссын шийдвэрээр, Улаанбаатар хотод гацсан иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулсан. Таван автобус бүхий 205 иргэн тус аймгийн Дарви сумын хяналтын постод ирээд, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөхөд, гурван хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна.


Сорьцыг нягтлахаар аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хүргэж, сорьцод  PCR шинжилгээ хийхэд хоёр нь эерэг буюу коронавирусний халдвартай гарсан байна. Дээрх иргэд нь нэгдүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод коронавирусний шинжилгээ өгсөн бөгөөд хариу нь сөрөг гарч байжээ.


Ингээд энэ сарын 26-ны өдөр Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж, халдвартай иргэн болон ойр харилцсан иргэд буюу автобусны жолооч зорчигч нарын 41 хүнийг Дарви суманд тусгаарласан байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссоос болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс нэгдүгээр сарын 26-ны 20.00 цагаас 29-ний 00.00 цаг хүртэл Ховд аймгийн нутаг дэвсгэрээс гарах, орох хөдөлгөөнийг түр хязгаарлалаа.


Мөн Улаанбаатар хотоос ирсэн гэрийн ажиглалтад байгаа иргэдийг тасралтгүй хянах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээ авч ажиллахыг сумдын Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт үүрэг болгосон байна.

 


Холбоотой мэдээ