Гэрийн тусгаарлалтын дэглэмийг чангатгана

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-01-27 13:10:49

Баянхонгор /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос тусгай автобусаар ирж, гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг хянах,  дэглэм сахиулах үүднээс хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулах шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргалаа. Тодруулбал, мэргэжлийн байгууллагууд болох Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, тухайн  сумын Засаг даргын Тамгын газар хамтран үзлэг шалгалтыг өргөн хүрээнд зохион байгуулахаар тогтов.

Нэгдүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос 199 иргэн Баянхонгор аймагт нэвтэрч, гэрийн тусгаарлалтад орсон. Эдгээр иргэд болон аймгийн хэмжээнд  гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг ийнхүү хянаж тандана.

Ташрамд дуулгахад, Ховд аймагт зөөвөрлөгдөн очсон короновирусний хоёр тохиолдол болоод тэдний зорчин явсан тээврийн хэрэгсэл Баянхонгор аймагт ойрын болон дам хавьтал хийгээгүй /зогсолт хийлгүйгээр дамжин өнгөрсөн/ болох нь тогтоогдсоныг аймаг дахь Тагнуулын газраас мэдээллээ.


Холбоотой мэдээ