Хууль бусаар ашигт малтмал эрэн хайсны улмаас 148.5 га талбайд эвдрэл үүсчээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-01-27 15:52:37

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд 525.38 га талбайд аж ахуйн нэгжүүд уул уурхай болон түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох эрх эзэмшиж байгаа. Үүнээс одоогоор 376.82 га талбайд  үйл ажиллагаа идэвхтэй явуулж байна. 

Хууль бусаар ашигт малтмал эрэн хайсны улмаас 148.5 га талбай эвдрэлд оржээ. Үүнийг “Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээний хүрээнд хийсэн хяналт шалгалтаар тогтоосон аж. 

Хяналт шалгалтыг Ховд аймгийн Мэргэжлийн хяналт, Цагдаа, Байгаль орчин аялал жуулчлалын газар зэрэг байгууллага хамтран 2020 оны наймдугаар сард зохион байгуулжээ. 

Ингэхдээ Ховд, Эрдэнэбүрэн, Мянгад, Буянт, Дөргөн, Цэцэг, Мөст, Алтай Булган, Дарви, Зэрэг сумын нутагт зохих журмын дагуу хяналт шалгалт хийж, нөхөн сэргээлтийн ажил зохион байгуулсан.

Тодруулбал, Эрдэнэбүрэн сумын нутаг дэвсгэрт 1, Цэцэг сумын нутагт 30, Дөргөнд 5 га газарт нөхөн сэргээлт хийв. Мөн  Ховд суманд 2, Алтай сумын нутагт 3.6, Булган суманд 2 га газарт нөхөн сэргээлт хийжээ. Өөрөөр хэлбэл,  нийт 42.6 га газарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүс 45 сая төгрөг буюу өөрсдийн хөрөнгөөр техникийн нөхөн сэргээлтийн ажил хийсэн байна.  

Холбоотой мэдээ