Онцгой комиссын хэсэгчилсэн хуралдаанаар хоёр шийдвэр гаргав

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-01-27 17:56:15

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Онцгой комисс хэсэгчилсэн байдлаар өнөөдөр хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.  

Улсын онцгой комиссын шийдвэрийг үндэслэн аймгийн онцгой комисс Улаанбаатар-Дархан чиглэлийн зорчих хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо. Ингэхдээ хүнс тээвэр, эрүүл мэнд, буяны ажил зэрэгт явж буй иргэдийг тусгай дүрэм журмын дагуу нэвтрүүлэх аж. Иргэдээ татан авах, бусад аймаг, хот руу явах иргэдийг улсын онцгой комиссоос шийдвэр гартал явуулахгүй.

PCR  шинжилгээний хариу сөрөг гарсан ч иргэн таныг халдваргүй гэдгийг 48 цагийн хугацаанд нотлох учир Ховд аймагт гарсан тохиолдлыг давтахгүйн тулд иргэдээ шинжилгээнд хамруулж эхэлж байна. Ингэхдээ өнгөрсөн 7 хоногт Улаанбаатар хотоос ирсэн иргэдээс гэрт нь очиж PCR шинжилгээ авах тул иргэд гар утсаа нээлттэй байлгах, бүртгүүлсэн хаяг дээрээ байхыг анхааруулж байна. Зарим иргэдийн тухайд утас нь холбогдохгүй, бүртгүүлсэн хаяг дээрээ байхгүй зэрэг зөрчил гарч, шинжилгээ авах ажилд саад учруулж байгааг аймгийн онцгой комиссосс анхааруулж байна. Эдгээр иргэд 5 болон 14 дэх хоног дээрээ заавал PCR шинжилгээ өгнө. Улаанбаатараас Дарханд ирсэн иргэд өнөөдөр 5 хонож байгаа тул шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна. Ингэхдээ явуулын хэлбэрээр зохион байгуулж, нийгмийн харилцаанд оруулахгүйгээр авч байгаа аж.

Түүнчлэн онцгой комиссын хэсэгчилсэн хуралдаанаас гарсан хоёр дахь шийдвэр нь хүнс тээвэрлэлтэд явж буй жолооч нар Дарханаас гарахдаа асуумж бөглөөд, Улаанбаатар хотоос ирэхдээ PCR шинжилгээ өгч ирэх ажээ. Дарханд ирээд төлбөртэй түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаад 7 хоногийн тусгаарлалтад байх юм. Хүнс тээвэрлэлт татаж буй ААНБ нь тухайн 7 хоногтоо дахин татан авалт хийх бол дараагийн ээлжийн жолоочийг дээрх зохицуулалтаар явуулах аж. Хэрвээ Улаанбаатар хотоос хүнс тээвэр татан авдаг ААНБ-ууд өнөөдрөөс эхлэн аймгийн ХХААГ-т бүртгэлээ хийлгэх бөгөөд бүртгэлд хамрагдсан байгууллагад зөвшөөрөл олгоно. 

Холбоотой мэдээ