Индианад амьтны хүрээлэнгийн Суматрын бараас халдвар илэрчээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-02-09 17:08:21

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Индиана муж улсын Форт Уэйн хот дахь Хүүхдүүдэд зориулсан амьтны хүрээлэнгийн Суматрын хоёр бараас коронавирусний халдвар илэрлээ гэж тус амьтны хүрээлэн мэдээлжээ.


Амьтны хүрээлэнгийн ажилтан баруудын нэгд халдварын хөнгөн шинж тэмдэг илэрч байгаа талаар хоёрдугаар сарын 1-нд мэдээлсний дараа шинжилгээ хийхэд өнгөрсөн баасан гарагт хариу нь эерэг гарсан байна.


"Бугара хэмээх нэртэй эр бар хуурай ханиалгаж байсан бол Инда нэртэй эм бард одоогийн байдлаар ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна" гэж амьтны хүрээлэнгийн эмч, доктор Ками Фокс мэдээлжээ.


Амьтны хүрээлэнгээс мэдээлснээр, барууд хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байгаа тул эх үүсвэрийг нь тогтоохоор Аллен тойргийн Эрүүл мэндийн хэлтэс, Мужийн Амьтны эрүүл мэндийн зөвлөлтэй хамтран ажиллаж байгаа ажээ.


Урьдчилан сэргийлэх үүднээс баруудын байрлаж буй газарт нэвтрэхийг түр хориглож, ажилтнуудын халдвар хамгааллын хувцас өмсөх шаардлагыг ахиулжээ. Амьтны хүрээлэнгийн мэдэгдэлд дурдсанаар, өөр амьтнаас халдвар илрээгүй байна.


Бугара, Инда нар нь АНУ-ын амьтны хүрээлэнд коронавирусээр халдварласан анхны барууд биш юм. Тодруулбал, өнгөрсөн онд Нью-Йорк хотын “Бронкс” амьтны хүрээлэнгийн таван бар, гурван арслангаас халдвар илэрсэн юм.


Мөн энэ оны нэгдүгээр сард Сан-Диего хотын амьтны хүрээлэнгийн хэд хэдэн горилл мичний коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан нь хүнтэй төстэй амьтад халдвар авсныг тогтоосон анхны тохиолдол болжээ. 

Холбоотой мэдээ