Төрийн албан хаагчдын 99.8 хувь нь хөрөнгө орлогоо мэдүүлээд байна

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2021-02-15 17:25:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн албан хаагч, албан тушаалтнууд хуулийн хүрээнд жил бүрийн 2 дугаар сарын 15-нд хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлэх үүрэгтэй. Энэ дагуу улсын хэмжээнд 43 мянга гаруй нийтийн албан тушаалтан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогоо мэдүүлэх үүрэгтэйгээс, өнөөдрийн байдлаар 99.8 хувь нь хуульд заасан үүргээ биелүүлээд байна. 

Үлдсэн албан тушаалтнууд өнөөдрийн дотор мэдүүлгээ гаргахгүй бол хуулийн хүрээнд хариуцлага хүлээх юм.

Энэ талаар АТГ-ын Хяналт, шалгалт дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын албанаас мэдээлэхдээ, "Хэрэв мэдүүлгээ хуулийн хугацаанд өгөөгүй бол сануулахаас эхлээд ажлаас нь халах хүртэл хариуцлага оногдуулах юм. Энэ нь хариуцлага хүлээхээсээ илүү Монгол Улсын төрийн албаны нэр хүнд, төрийн албанд ажиллаж буй албан хаагчдын үүрэг юм" гэдгийг тодотгов.

Өөрөөр хэлбэл, энэ нь төрийн алба хаагчид ажил үүргээ хариуцлагатай, ил тод, цэвэр шударгаар гүйцэтгэж байна гэдгийг илэрхийлсэн нэг хэлбэр юм гэдгийг онцолсон байна.

АТГ хөрөнгө орлогын мэдүүлгийг хураангуй байдлаар цахим сүлжээнд байршуулж, эндээс иргэд, олон нийт төрийн албанд ажиллагсдын хөрөнгө орлогын мэдүүлэг хэрхэн өөрчлөгдөж буйг мэдэн хянах боломжтой юм. 

Холбоотой мэдээ