С.Түмэнбаяр :Технологийн зуунд уран дархны уламжлалт аргууд мартагдаж байна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-02-18 19:10:15
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орчин үед уран дархны ямар ч бүтээлийг техник технологийн хөгжлийн ачаар нэг хэвэнд цутгаж хэдэн мянга дахин үйлдвэрлэх боломжтой болсон. Үйлдвэрлэлийн хурд, бүтээмж сайжрах нь сайн хэдий ч нөгөө талдаа дээдсээс уламжилж ирсэн дархны ур хийц, дахин давтагдашгүй байдал улам бүдгэрсээр байгаа билээ. Соёлын өвөө хадгалж, үе дамжуулан уламжлуулахаар хичээж яваа уран дархан С.Түмэнбаяртай ярилцлаа.   

-Таны урлангийн анхны үйлчлүүлэгч хэн байсан бэ? Ямар бүтээл урлаж байв?

-     Анхны үйлчлүүлэгч маань ээжийнхээ хэрэглэж байсан тос даасан модон тагшийг мөнгөлүүлэхийг хүссэн нэг залуу байсан.  Би ч өөрөө залуу байсан болохоор “Чадна аа” гээд л зүтгэсэн. Тэгээд багш дээрээ очоод “Нэг ийм захиалга байна” гээд хэлэхэд “Чи өөрөө гардаж хий, багш нь зөвлөнө” гэж хэлсэн. Ингээд л модны үндсээр хийсэн тагшийг мөнгөлөх ажилдаа орж байлаа.

-     Үйлчлүүлэгийн сэтгэл ханамж мэдээж өндөр биз дээ?

-     Өө өндөр, өндөр. Нөгөө үйлчлүүлэгч маань аягаа хараад маш их баярлаж, урмын үг хэлсэн. Би  үгэнд нь урамшиж, онгирч байлаа. Багш болохоор “За яах вэ, яахав. Эхний юм гэхэд давгүй боллоо. Яваандаа улам сайжраад улам гоё болдог юм. Болно оо болно” гэж билээ.

-     Анхны бие дааж хийсэн уран бүтээл чинь юу байв?

-   1995 оны үед юм уу даа. Нэг эмээлийн хэрэглэл, мөнгөн аяга хийсэн. Би уран дархны эрдмийг хотод Гомбосүрэнгийн Отгон багшаас суралцсан. 2004 онд Эрдэнэтдээ ирээд 1-р хорооллын 18-р байрны подвальд анхныхаа урланг байгуулж, бие даан гарч байлаа. Бяцхан түүх хэлэхэд, би цэргээс халагдаад ганзагын наймаа гээд янз бүрийн л юм хийж байгаад Г.Отгон багштай танилцаад ерөөсөө л алт мөнгөний дарханы урлагийг суралцъя, шавь оръё гэж шийдсэн. Аав маань төмрөөр урладаг дархан хүн учир ааваасаа өвлөсөн жаахан авьяасаа хөгжүүлье гэж шийдсэн.


-     Та уран дархны аль төрлийн аргыг түлхүү ашигладаг вэ? Таны үндсэн арга барил?

-     Алт, мөнгөний дархны бүх л төрлийг ашиглаж байна. Тэр тусмаа хөөмөл, цутгуурын урлаг, жийжүүдэх, утсан сүлжмэл гэх мэт ган сийлбэрээс бусдыг нь хийдэг.

-     Таны урлаж байсан бүтээлүүдээс хамгийн их сэтгэлд хоногшсон ямар бүтээл байдаг вэ?

-    Бие даагаад 2003 оны үед цэвэр мөнгөөр “Баян намсрай” бурхныг цутгуурын аргаар бүтээсэн. Тэр л миний хамгийн тод сэтгэлд үлдсэн бүтээл байна даа. Захиалагч маань ийм бурхан бүтээмээр байна гээд хөрөг зургууд үзүүлсэн. Тэр зургийг нь бодит болгон биелүүлж “Баян намсрай” бурхныг урласан.

-     Бурхан урлахад энгийн бүтээл урлахаас юугаар ялгаатай байдаг вэ?

-    Энэ бүтээлдээ урамшаад “Аюуш” бурхныг хүрлээр цутгаж хийж байсан. Хүрлээр цутгаж бүтээл туурвихад нэлээд их цаг хугацаа, ур ухаан шаарддаг. Ер нь бурхан бүтээхэд тухайн бүтээлийн анхны бүтээлийн эх хувь, тухайн бурхны утга санаа агуулга зэргийг нэлээд судалж, хуучны бүтээлүүдийг үзэж байж урлаж эхэлдэг, дархнаас ур ухаан, бүтээлч байдал их шаарддаг зэргээрээ онцлог.

-      Бурхан бүтээлгэсэн хүн яаж хүлээж авч байв?

-    Тэр хүн “Монгол уран дархны гараар бурхан бүтээлгэж авлаа. Маш азтай хүн юм” гэж байсан. Ихэнх хүмүүс дандаа л худалдааны бурхан авдаг. Төвөд, Энэтхэгт, Хятадад нэг хэвэнд цутгасан бурхныг худалдаж аваад л тахиад байдаг. Тэр хүн бол яг монгол дархны ур ухаан, нүд, гар гээд бүх юм шингэсэн цор ганц бүтээлтэй боллоо гээд бахархаж байсан. Үеийн үедээ үр хүүхдэдээ уламжлуулахад үнэ цэнтэй тийм л бурхан болсон доо.

-    Монголчуудын дунд уран дархан гэхээр Дарьгангачуудын хийц хамгийн алдартай байдаг. Танд Дарьганга хийцээс улбаалан суралцсан арга барил, урласан бүтээл байдаг уу?

-   Байна. Дарьгангын хийцүүд дандаа давхар цохилттой хээтэй гэдгээрээ алдартай. Хөөмлийн урлагийг хээгээр давхар цохилттой хийдэг гэсэн үг. Тэр нь урлаачаас ихээхэн ур чадвар шаардана. Хийгээд дуусгачихсан байхад үзэмж их гоё, чамин харагддаг. Тийм болохоор Дарьгангачуудын хийц, ур ухааныг бас судалдаг. Сүүлийн үеийн дархчууд их мундаг болсон. Тусгай дархчуудын сургууль гэж байдаг боллоо. Техник технологиуд ч шинээр нэвтэрч байна. Тэндээс төгсөж байгаа хүүхдүүд маш мундаг.

-     Танд үлгэр дуурайлал авдаг уран дархчууд байдаг уу?

-     Байлгүй яахав. Миний багш, багшийн найз нар дандаа хуучны дархчууд байдаг. Б.Баатаржав гээд дархан ах байна. Тэр ах бол сумо бөхийн цомыг хийж байсан хүн шүү дээ. Тэр хүнээр бахархаж, үлгэр дуурайлал авдаг. Бас надтай хамт нэг багшид шавь орж байсан Б.Норовоо гэж дархан байдаг. Бид хоёр нэг багшийн шавь боловч надаас илүү чадвартай. Тэр хүн нэрт барималч Ц.Амгалан гэж хүнд шавь ороод баримал барьж сурсан. Тэрнээсээ хэв аваад маш гоё баримал цутгадаг. Түүнээс маш их зүйл суралцаж яваа.

-     Монголд уран дархны хөгжил ямар байна вэ? Орчин үед чиг хандлага нь яаж өөрчлөгдөж байна?

-   Хуучны дархчуулын бүтээлийг дуурайлгаж маш их хийж байна. Тухайлбал, Дарьганга, Батноров хийцийг сүүлийн үеийн залуус дуурайж хийх, яг тэр түвшинд хийж чадах үгүйгээ сорьж хийж байна. Хийж үзэх тусмаа сайжраад байдаг. Дээрээс нь технологи гэж айхтар зүйл гараад байна шүү дээ. Бараг эх загвараа сайн хийчих юм бол технологи нь өөрөө үйлдвэрлээд гаргаад ирж байна. Сүүлийн үеийн дархчуул ерөөсөө л тийм.

-    Та технологийн дэвшил маш их явагдаж байна гэж байна. Таны хувьд бүтээлдээ технологийг хэр их ашиглаж байна вэ?

-    Миний хувьд сүүлийн үеийн цутгуурын болон токарийн машиныг ашиглаж байна. Ингэснээр ажил хөнгөвчилж, цутгуур маш гоё гарч байна. Дээрээс нь маш их цаг хэмнэх боломж бүрдсэн давуу талтай. Орчин үеийн хүмүүс болхидуу эдийг хэрэглэхээ больсон байна. Тийм учраас технологитой хөл нийлүүлэхээс өөр замгүй.

-   Эрт үеэс бидэнд уламжлагдаж ирсэн эд зүйлс эдэлгээ удаантай, цаашид үе дамжин өвлүүлэх дайны чанартай байдаг. Гэтэл сүүлийн үеийн хийцтэй эд өлгийн зүйлсүүд чанар нь муу, эдэлгээ даахгүй эвдэрч хэмхрэх нь элбэг байгаа нь юутай холбоотой вэ?

-     Энэ бол цэвэр ард түмний худалдан авах чадвараас үүдэлтэй нимгэн хийж байгаатай холбоотой. Жишээлбэл, өнөөдөр нэг мөнгөн аягыг гараар хийхэд дор хаяж сая төгрөг болно. Тэгэхээр манай дундаж болон түүнээс доош давхаргын хүмүүс сая гаран төгрөгөөр ганцхан аяга худалдаж авахад хэцүү. Ийм учраас нөгөө үйлдвэрүүд чинь худалдан авагчдынхаа худалдан авах чадварт нь тааруулаад нимгэн урлаж байгаатай холбоотой. Үүнийг мэддэг хүмүүс бол хэзээ ч тийм нимгэн аяга авахгүй. Боломжтой улсууд нь дахин давтагдахгүй хэв маягаар өндөр үнэ төлөөд л хийлгэчихдэг.

-   -Алт мөнгөөр үнэт эдлэлийг нэг хэвэнд цутгаад технологийн аргаар үйлдвэрлэчихдэг үйлдвэрүүд олон байна. Нөгөө талдаа цаг зав, ур ухаанаа зарцуулаад цор ганц бүтээл туурвиад явж байгаа уран дархчууд байна. Зах зээлийн үнэлгээ ижил шахуу ийм хоёр өөр хөгжил яваад байгаа нь ер нь зөв үү?

-    -Орчин үед бизнес бол маш хурдтай байхыг шаардаж байгаа учраас техник технологийг нэвтрүүлэхээс өөр арга байхгүй. Нөгөө талаас өвөг дээдсээс уламжилж ирсэн дархны ур хийц, урлагийг болж өгвөл хуучнаар нь авч үлдэх, устахаас хамгаалах, цаашлаад өвлүүлэн уламжлуулах нь бидний үүрэг болчихоод байгаа юм. Ялангуяа бидний үеийн дархчууд болж өгвөл дахин давтагдашгүй цор ганц бүтээлээ урлахыг л эрмэлздэг.  Өв уламжлалаа орхигдуулахыг хүсдэггүй.

-     Таны өдөр тутамдаа хамгийн их хийдэг бүтээл юу вэ?

-    Би сүүлийн үед зэсийг ашиглаж зэс домбо, хувин, аяга хийж байгаа. Эрдэнэтэд өөр орон, нутгаас хүмүүс ирэхэд Эрдэнэтийн брэнд гэж нэхэгддэг. Эрдэнэтийн тодотгох зүйл нь зэс учраас зэсээр урласан бүтээгдэхүүнийг бусдад бэлэглэхэд маш их баярладаг. 2016 онд миний зэс аяга Эрдэнэтийн брэнд бүтээгдэхүүнээр шалгарч хоёрдугаар байрт орж байсан.

-    Таны брэнд бүтээгдэхүүнүүд олонд хэр их танигдаж байна вэ?

-   Захиалагч бол их. Би ажлаа дийлдэггүй. Мөнгөөр юм хиймээр байдаг, өөр захиалгууд их орж ирдэг, зэсээрээ ч юмаа хиймээр байдаг. Доороо хоёр, гурван залуучууд аваад ажиллуулахаар ерөөсөө тогтож өгөхгүй байна.

-     Цаашид та ямар зорилго тавьж байна вэ?

-  Цаашлаад хөрөнгө оруулах боломжтой хүнтэй хамтрах, зэс бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ өргөжүүлэх бодолтой байна.Үйлдвэрлэлээрээ дамжуулаад хэдэн сайхан дархчуудыг төрүүлье гэсэн бодол байдаг. Хийж байгаа хүүхдүүд маань тэндээсээ суралцаад бүр цаашаа бие даагаад явж болно шүү дээ. Тийм хүүхдүүд ирвэл тусад нь аваад, өөрийн арга барилыг өвлүүлж, сургаж үлдээх бодолтой байгаа.

-      Ярилцсанд баярлалаа.



Холбоотой мэдээ