Эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг сайжруулна

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2021-02-19 10:34:24

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Эрүүл мэндийн газраас “Эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх нь”  сэдэвт цахим хурлыг энэ сарын 17-ны өдөр зохион байгуулав.

Хуралд ЭМГ-ын ЭТХ-ийн дарга, холбогдох мэргэжилтнүүд, АНЭ-ийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, эх барих эмэгтэйчүүдийн эмч нар, 25 сумын Эрүүл мэндийн төвийн удирдлага, эмч мэргэжилтнүүд нийт 116 хүн оролцлоо.

Хурлыг нээж ЭТХ-ийн дарга Б.Энхтуяа, Эх барихын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын зорилт, тулгамдаж буй асуудлуудын талаар товч мэдээлэл хийсэн юм. Мөн 2021 онд эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээнд гарсан алдаа зөрчлүүдийг тохиолдол бүрээр дэлгэрэнгүй танилцуулан, үүрэг чиглэл өгөв. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барихын зөвлөх эмч Б.Дашзэвэг, эх барих эмэгтэйчүүдийн эмч А.Алтантуяа нар анхан шатны Эрүүл мэндийн байгууллагуудын эмч мэргэжилтнүүдэд жирэмсний хяналтын чанарыг сайжруулах, эх барихын яаралтай тусламж үзүүлэх, бэлэн байдлыг хангах, анхан шатны бүртгэл маягтын хөтлөлтийг сайжруулах чиглэлээр тодорхой зөвлөмж өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.

Түүнчлэн Эрдэнэсант, Цээл сумын Эрүүл мэндийн төвийн удирдлагууд эх, хүүхдийн тусламж үйлчилгээ үзүүлж буй үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлуудын талаар танилцуулсан юм.

Тус хуралд оролцогчид эх барих эмэгтэйчүүд, нярайн тусламж үйлчилгээний чиглэлээр тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх, хүүхдийн тасагт сумын ЭМТ-ийн эмч мэргэжилтнүүдийг ажлын байрны сургалтад хамруулах, аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрсөн эхчүүдийг түлш шатахуун хүрэлцэхгүй байгаа цаг үед ЭМТ-ийн унаагаар авах асуудлыг судлан шийдвэрлэх зэрэг асуудлыг дэвшүүллээ.

Энэхүү хурал нь цаг үеэ олсон, оролцогчдын оролцоог бүрэн хангасан, жирэмсний хяналт, эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр онцгой анхааран ажиллах талаар нэгдсэн ойлголт чиглэл өгсөн, үр дүнтэй хурал болсон гэж албаныхан ярьж байв.

Уг хурлын төгсгөлд Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээнд онцгой анхаарч ажиллахыг бүх суманд үүрэг болгон, зөвлөмж гарган хүргүүлж, хэрэгжилт үр дүнг тооцохоор боллоо.

 

Холбоотой мэдээ