“Бүжинхэн цогцолбор” цэцэрлэгийн засварын төслийн гэрээг байгуулав

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2021-02-25 17:19:31

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод сумын “Бүжинхэн цогцолбор” цэцэрлэгийн засварын төслийн гэрээг байгуулав. 

Тодруулбал, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас хэрэгжүүлж буй “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжаар хийж байгаа аж. Тус цэцэрлэгийн засварын ажлыг санхүүжүүлж 353,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Кобаяши Хироюкитай цахим уулзалт хийж, гэрээнд гарын үсэг зурлаа. Уг гэрээ хэрэгжсэнээр “Бүжинхэн цогцолбор” цэцэрлэгийн 355 хүүхэд, 38 багш, ажилчдыг эрүүл аюулгүй орчинд ажиллах, сурч, хүмүүжих таатай нөхцөлийг бүрдүүлэх юм. 

“Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 500 гаруй төсөл хэрэгжсэнээс Төв аймгийн боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт нийт 19 суманд 23 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн, 1,3 сая долларын хөрөнгө оруулалт хийж, сургууль, цэцэрлэгийн хүүхэд багачуудын ая тухтай сурч, боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлж,  иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулан, нийт 35 мянга гаруй иргэнд уг хөтөлбөрийн үр шимийг түгээн ажилласан байна.

Холбоотой мэдээ