Коронавируст халдварын 35 тохиолдол нэмж бүртгэгдэв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-02-20 11:00:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 35  хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ. 


ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораториуд, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Улсын Нэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Орхон аймгийн салбар лаборатори, Чингэлтэй, Сүхбаатар, БГД, СХД, Хан-Уул дүүргийн лабораториудад нийтдээ  44 503 хүнд шинжилгээ хийсэн байна.  

Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртэгдсэн бөгөөд долоон тохиолдол нь “Нэг хаалга- Нэг шинжилгээ”-гээр бүртгэгджээ. Ингэснээр Улаанбаатар хотод коронавирусний батлагдсан тохиолдол 1 740, улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод нийт  2 072 тохиолдол бүртгэгдээд байна.


Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 2586 болжээ. Үүнээс  1 846 нь эдгэрээд байна.


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 27 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт коронавируст халдвартай   725 хүн эмчлүүлж байна

Холбоотой мэдээ