Б.Баттулга: “Шилэн данс”-нд шаардуулж байж, мэдээллээ оруулдаг

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-02-22 13:18:12

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Д.Баттулгатай Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.


- Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт ямар түвшинд байна вэ?

- Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд Санхүүгийн хяналт аудитын алба хууль, журмын хүрээнд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн 2020 оны дүнг нэгтгэн тайлагналаа. Өнгөрсөн оны жилийн эцсээр Булган аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн ерөнхийлөн захирагч,  төсөвт  байгууллагуудын Shilendans.gov.mn сайтад мэдээлсэн байдлыг шалгалаа.

Шилэн дансны нэгдсэн системд нийт 187 байгууллага 27132 мэдээ оруулахаас 27107 мэдээллийг оруулж Булган аймгийн шилэн дансны хуулийн хэрэгжилт 99.9 хувьтай байна гэж үзсэн. Үүнээс 141 байгууллага мэдээллээ хуулийн хугацаанд бүрэн мэдээлсэн,

46 байгууллага 523 мэдээллийг хугацаа хоцроосон, 12 байгууллага 22 мэдээллийг огт ил тод болгоогүй байна. Тэшиг сумын “Тэшиг ус”, Хутаг-Өндөр сумын “Илчит хутаг” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, Рашаант сумын ЗДТГ, ИТХ, Соёлын төв, Могод сумын сургууль, цэцэрлэг зэрэг байгууллага байгаа юм.

- Шилэн дансны тухай хууль бараг зуун хувь хэрэгжиж байгаа мэдээлэл байна. Гэхдээ нийтэд ил тод болгож байгаа мэдээлэл бүрэн биш байгаа.

- Тийм ээ. Шилэн дансны тухай хуулийн дагуу байгууллагуудын тогтмол хугацаанд сайтад мэдээлэл байршуулах үүргийн хэрэгжилт өмнөх оноос 0.6 хувиар өссөн хэдий ч иргэд олон нийтэд шилэн дансны мэдээлэл хүргэхдээ хугацаа хоцроодог, мэдээллийн самбарт мэдээллийг бүрэн байршуулж хэвшээгүй байна. Манай албанаас шаардуулж байж шилэн дансны мэдээллийг оруулах тохиолдол бий.

- Шилэн дансанд тавьж байгаа мэдээллийн чанар буюу иргэн ороод харахад бүрэн мэдээлэл байх учиртай. Зарим байгууллагын сайтын мэдээллийг харахад шинэчилсэн төлөвтэй мөртлөө “гүйлгээ байхгүй”, “шийдвэр гараагүй” гэх мэт тайлбар их таардаг.

- Үнэхээр тийм зүйл бий. Байгууллагын удирдлага тушаал гараагүй жил болохгүй шүү дээ. Нарийн шалгавал ийм зөрчил бий. Мөн улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ гүйцэтгэж хөрөнгө оруулалт авсан аж ахуйн нэгжүүд шилэн дансанд мэдээлэл бүрэн оруулахгүй байгаа. Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст санал тавьж, шилэн дансанд авсан хөрөнгөө нийтэд ил тод болгосны дараа үлдэгдэл санхүүжилтийг өгч байх зүйтэй гэсэн санал тавьдаг. Ер нь төрөөс авсан санхүүжилтийн талаар мэдээллээ аж ахуйн нэгжүүд Шилэн дансны нэгдсэн системд мэдээлэх үүрэгтэй.

- Хууль зөрчигчдөд ямар хариуцлага тооцож байна вэ?

- Манай байгууллага шууд хариуцлага тооцох эрх зүйн үндэслэл байхгүй. Аймгийн Засаг даргад холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар уламжилж байна. 2017 онд арга хэмжээ авахуулахаар 100 шахам байгууллагын санал өгсөн. Аудитын газар бас санал явуулсан байсан. Тэднээс 3-4 байгууллагын удирдлага, албад арга хэмжээ авсан байна лээ. Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар сургалт зохион байгуулах, удаа дараа Шилэн дансны цахим мэдээллийг огт мэдээлээгүй байгууллагын холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох, мэдээллийг бүрэн гүйцэд, үнэн зөв хуулийн хугацаанд байршуулж байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж байх, дотоод хяналт шалгалтын төлөвлөгөөнд шилэн дансны цахим хуудсанд байршуулж байгаа мэдээллийн чанарын талаар тусгаж байх нь зүйтэй байна.

Холбоотой мэдээ