Сум хооронд иргэд 7 хоногт нэг удаа зорчино

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-02-22 13:40:18

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Энэ сарын 10-21-ний хооронд Дархан-Уул аймаг руу нэвтрэх, гарах хөдөлгөөнийг хязгаарласан. Тэгвэл ням гарагт хуралдсан аймгийн Онцгой комиссоос хэд хэдэн шийдвэр гаргалаа. Үүнд Дархан-Уул аймгийн Дархан сумаас Орхон, Хонгор, Шарын гол сумын хооронд зорчих хөдөлгөөнийг 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 10.00 цагаас эхлэн нээв. Ингэснээр иргэд нэвтрэх зөвшөөрлийн бичгээ Залуучууд театрын 1 давхраас авч, сум хоорондын хөдөлгөөнд оролцох бөгөөд 7 хоногт нэг иргэнийг нэг удаа нэвтрүүлэх ажээ. Харин хүнс тээврийн нэвтрэх бичгийг ХХААГ, түлээ, нүүрс тээврийн нэвтрэх бичгийг БОАЖГ хариуцан ажиллаж байна.

Түүнчлэн Улаанбаатар хотоос бусад аймаг, орон нутагт хязгаарлалтад орсон Дархан-Уул аймгийн харьяат иргэдийг тухайн аймгийн Онцгой комиссын зөвшөөрөл, асуумжийг үндэслэн авто замын хяналтын постоор нэвтрүүлэхээр болсон аж. Харин Дархан-Уул аймагт хязгаарлалтад орсон Улаанбаатар болон бусад аймаг, орон нутаг руу зорчих иргэдийг 2021 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 17.00 цагаас 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 18.00 цаг хүртэл smartdarkhan.com цахим хаягаар бүртгэж, 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр нэгдсэн зохион байгуулалттайгаар буцаах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.


Улаанбаатар хотоос ирэх иргэдийг 2021 оны 2 дугаар сарын 21-23-ны өдрийг дуустал хугацаанд smartdarkhan.com цахим хаягаар бүртгэнэ. Ингэхдээ Улсын Онцгой комиссын шийдвэр болон PCR шинжилгээний хариу 48 цагийн хүчинтэй хугацааг үндэслэн иргэдээ татан авах аж. Мөн Дархан-Уул аймгаас гарсан болон ирсэн иргэд 30 хоногийн хугацаанд буцаж явах боломжгүй гэдгийг аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал анхааруулсан.

Үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний дэлгүүр болон үйлчилгээний байгууллагууд архи, согтууруулах ундаагаар 22.00 цаг хүртэл үйлчлэх, худалдан борлуулахыг хэвийн горимд шилжүүлэх, 7 хоног бүрийн баасан гарагт архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хязгаарлах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахаар боллоо.

Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг диско бар, караоке, кино театр, цахим тоглоом, хүүхдийн тоглоомын төв, уралдаан тэмцээн, нийтийг хамарсан үйл ажиллагааг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буурах хүртэлх хугацаанд хязгаарлана.

Секц дугуйлан, түр сургалтад хамрагдахаас бусад үйлчилгээний байгууллагаар 18 хүртэлх насны хүүхэд үйлчлүүлэхийг хориглосон хэвээр. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн хоёрдугаар хагасын үйл ажиллагааг танхимаар эхлүүлэх бэлтгэл ажлыг хангуулахыг БСУГ-т үүрэг болголоо.

Холбоотой мэдээ