Иран хивсний экспорт хориг арга хэмжээнүүдийг үл харгалзан өсжээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2021-02-22 17:44:44

ТЕХРАН. /IRNA/. Ираны гараар нэхсэн хивсний экспорт өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 14 хувиар өссөн гэж тус улсын Үндэсний хивсний төвийн тэргүүн Фарахназ Рэйф мэдэгджээ.


“Ираны эсрэг хориг арга хэмжээнүүд авсны сацуу коронавирусний халдвар тархсаныг үл харгалзан хивсний экспорт өслөө” гэж Исфахан хотноо болсон Гараар нэхсэн хивсний 23 дугаар үзэсгэлэнгийн үеэр тэрбээр хэлсэн байна.


Мөн Иран хивс чанараараа дэлхийд тэргүүлдэг гэдгийг Ф.Рэйф онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн зах зээлд Иран хивсний брэндийн байр суурийг хадгалахын тулд тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгааг тэрбээр нэмж хэлжээ.


Үндэсний хивсний төвийн тэргүүн шаардлагатай түүхий эдийг бэлтгэхэд туслалцаа үзүүлэхийг дотоодын төвүүдэд уриалаад, ингэснээр бие даан хөгжихөд хувь нэмэртэй болохыг дурдсан байна.


IRNA” агентлагт Ф.Рэйфийн мэдээлснээр, 2019 онд дэлхийн зах зээлд экспортолсон гараар нэхсэн хивсний нийт өртөг 800 сая ам.долларт хүрсний 73 саяыг Иран хивс эзэлжээ. Исфаханд Гараар нэхсэн хивсний үзэсгэлэн ням гарагт болжээ. 

Холбоотой мэдээ