Хаваржилт хүнд буй урд бүсийн сумдад малын тэжээл хуваарилжээ

Орон нутагт | Завхан
emunkherdene@gmail.com
2021-02-22 19:08:23

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймгийн хаваржилт хүндэрч болзошгүй урд бүсийн сумдад "Гарьд" сангаас малын тэжээлийг тусламж болгон өгчээ.

-“Зудын эрсдэл өндөр, өвөлжилт хүндхэн байгаа урд бүсийн дөрвөн сум тус бүрд 500 уут тэжээлийг хуваарилж өгсөн байгаа. Энэ сарын 17-ны өдөр Шилүүстэй сумын улсын нөөцийн салбараас тус тэжээлийг сум бүр татан авалт хийж хүлээн аваад байна. Хувийн хэвшлээс санаачилга гарган малчин түмэндээ цаг үеэ олж тусламж илгээж буйд нь сумынхаа нийт малчин, мал бүхий иргэдийн өмнөөс "Гарьд" сангийн хамт олонд талархал илэрхийлж байна гэж сумдын Засаг дарга нар хэллээ. Мөн УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг өвөлжилт, хаваржилт хүнд байгаа урд дөрвөн суманд 80 тонн өвс тэжээлийн тусламжийг үзүүлжээ.

 

Малын хорогдол өмнөх жилээс буурчээ

Завхан аймагт хоёрдугаар сарын 1-ний байдлаар 8.3 мянган том мал зүй бусаар хорогдоод байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 27.5 хувь буюу 3.1 мянган толгойгоор буурсан байна. Нийт хорогдолд хээлтэгчийн хорогдол 4.4 хувь, бог малын хорогдол 84.8 хувь байна. Харин бод малын хорогдол 15.2 хувийг тус тус эзэлж байна. Ташрамд, тус аймагт 2020-2021 онд 9.2 мянган малчин өрхийн 4.2 сая толгой мал өвөлжиж, хаваржиж байна. Хэдийгээр малын хорогдол бага байгаа хэдий ч зарим суманд цас ихтэйгээс малын идэш тэжээл муудсан. Тиймээс аймгаас аюулгүйн нөөцийн өвсийг зургаан мянган төгрөг болгон хямдруулж малчдад олгохоор болсон гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

 

Отроор өвөлжсөн малчид хаваржаа руугаа нүүж байна

Завхан аймагт 2020-2021 оны өвөл, хавар аймгийн хэмжээнд таван чиглэлээр 12 сумын 430 өрхийн 233.9 мянган мал отроор өвөлжиж, хаваржиж байна.

Тухайлбал гадна аймагт буюу хөрш зэргэлдээ Хөвсгөл, Архангай, Баянхонгор аймгийн нутагт Их-Уул, Тосонцэнгэл сумаас нийт 93 өрх 88.5 мянган мал отроор өвөлжиж, хаваржиж байна. Харин Бага хайрханы аймаг дундын отрын бүс нутагт Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Цэцэн-Уул, Сонгино сумаас 122 өрхийн 121.6 мянган мал отроор өвөлжиж, хавартай золгоод байна. Мөн хилийн зурвас нутагт Тэс, Баянтэс сумаас 88 өрхийн 33.7 мянган толгой мал отроор өвөлжлөө. Харин Тарвагатайн нурууны тусгай хамгаалалттай газар нутагт гурван сумын 196 өрхийн 70.3 мянган мал отроор өвөлжиж, хаваржиж байна. Отроор өвөлжсөн мал онд мэнд орсон, одоо хангайгаас ихэнх өрх нүүдэл хийж байна. Мал төллөж эхэлсэн, эх жилбэтэй, төл торниун байна гэж аймгийн ЗДТГ-аас тус тус мэдээлэв. 



Холбоотой мэдээ