Хүннү нарын хөрөг Ноён уулаас л олджээ

Монголын мэдээ | Соёл урлаг
khandmaa@montsame.gov.mn
2021-02-24 19:43:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ нь одоогоор, хүннү хүний дүр байж магадгүй цорын ганц эх сурвалж болдгоороо хосгүй үнэ цэнтэй юм.

 

Уг олдворыг Оросын эрдэмтэн П.К.Козловын удирдсан Монгол-Төвөдийн экспедиц 1924 онд Ноён ууланд хүннү нарын булшийг малтахдаа илрүүлжээ. Тус багийнхны олж илрүүлсэн хоёр хөрөгт, уруул хацартаа сахалтай, намирсан урт үстэй, ээтэн хамар, давхраатай нүдтэй, хурц хараатай, нүүрний хэв нь баатарлаг дүр төрхтэй хүмүүсийг дүрсэлсэн байдаг бөгөөд зүү ороон маш уран хатгамалласан байдаг аж. Одоо ОХУ-ын Санктпетербургийн эрмитажид хадгалагдаж байна.


П.К.Козловын шинжилгээний анги Ноён ууланд 200 гаруй булш байгааг 1924-1925 онд тогтоож, зургаан булшийг нь малтаж маш ховор олдворууд олсон бөгөөд дээр дурдсан хоёр хүний хөрөг нь ноосон нэхмэл, ширдэг, торгон хөшиг зэрэг эдлэлийн дунд байжээ. Мөн энэ үеэр олдсон эсгий ширдэг өнөө ч уран хийц, тансаг байдлаараа гайхагддаг. Өдгөө Үндэсний түүхийн музейд хадгалагдаж байгаа бөгөөд НТӨ I зуунаас НТ I зуунд хамаарна гэж үздэг юм байна.


Ноён уулын булш нь 20 дугаар зууны дэлхийн археологийн шинжлэх ухааны хамгийн том нээлтүүдийн нэгд тооцогддог.

Холбоотой мэдээ