Орон нутгийн сургууль, цэцэрлэг ирэх сарын 1-нээс хичээллэнэ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-24 12:52:48
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, аймаг, сум, тосгон, баг дахь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхэд харах төвийн танхимын хичээлийг гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо.


Танхимын сургалтыг зөвхөн хоцрогдол арилгах чиглэлээр хэсэгчилсэн байдлаар явуулна. Ингэхдээ, хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нь танхим, теле болон цахим сургалтын алинд нь хамрагдахаа сонгох юм. Харин орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв хичээллэхгүй.


БШУЯ нийслэлийн ЕБС-ийн хичээлийг гуравдугаар сарын 10-ны өдрөөс, цэцэрлэг, хүүхэд харах төв, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэхээр бэлтгэл хангасан байна. Хэдийгээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг ажил, амьдрал, бизнесийн хэвийн горимд оруулж, дархлаажуулах ажил эхэлсэн ч энэ нь цар тахлын аюул ард хоцорсон гэсэн үг биш. Иймээс хатуу хөл хорио тогтоосон 12 хоногт голомтыг хумьж, тархалтыг зогсоох чиглэлээр хийсэн ажил болон “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үр дүнг бататгах, эрсдэлээс сэргийлэх, халдварын нөхцөл байдал зэргийг харгалзан тухай бүрт нь шийдвэрлэхээр болов.

Холбоотой мэдээ