“Монгол гэр бүл” хөтөлбөр боловсруулж байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-24 13:55:41

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт “Монгол гэр бүл” хөтөлбөр боловсруулах хэлэлцүүлэг үе шаттай өрнөж байна.

Ховд аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөлмөр, нийгмийн хамгаалал, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн чиглэлээр таван дэд хөтөлбөр шинээр боловсруулж, хэрэгжүүлэхээр тусгасан. Үүний нэг бол “Монгол гэр бүл” хөтөлбөр юм.

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь гэр бүлийн хөгжлийг дэмжих, тулгамдаж буй асуудлыг олон нийтийн оролцоотой шийдвэрлэх арга замыг тодорхойлох, хүүхэд хамгааллыг сайжруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эерэг хандлага, соёлыг төлөвшүүлэхэд чиглэх аж.  

Иймээс “Монгол гэр бүл” хөтөлбөр боловсруулах ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог хангаж, санал авах зорилгоор гурван удаагийн хэлэлцүүлэг зохион байгууллаа.  

Хэлэлцүүлэгт Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийтийн номын сан, Цагдаа, Прокурор, Жаргалант сумын Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга, багийн Засаг дарга, нийгмийн ажилтнууд, Ховд их сургуулийн багш нар, Эмэгтэйчүүдийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо, Дэлхийн зөн Ховд” орон нутгийн хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллагаас 70 гаруй хүн оролцов. Хэлэлцүүлгийн үеэр Ховд аймгийн гэр бүл, хүүхэд, өсвөр үеийнхний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын тухай ярилцсан.

Мөн цаашид хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлэх ажил, үйл ажиллагааны талаар талууд мэдээлэл солилцсон юм. Тус хөтөлбөрийг  боловсруулахад иргэдийн оролцоог идэвхжүүлэх, санал бодлыг нь нээлттэй сонсохыг зорьж байгаа. Иймээс цаашид иргэдээс цахим хэлбэрээр санал асуулга авах, цахим хэлэлцүүлэг хийх аж. 

“Монгол гэр бүл” хөтөлбөр боловсруулах, хэлэлцүүлэг зохион байгуулах ажлыг Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хариуцан ажиллаж буй.   

Холбоотой мэдээ