Ойжуулсан талбайд зэрлэг буга өвөлжлөө

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-02-24 12:15:58

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын төвөөс 30 орчим км зайд Хар татар хэмээх газарт орших Мод үржүүлгийн талбайд энэ жил 10-аад зэрлэг буга ирж өвөлжиж, хаваржиж байна.

Xар татарын мод үржүүлгийн талбай нь Алтай Таван богдын байгалийн цогцолборт газрын орчны бүсэд оршдог. 1990 онд бургасыг үйлдвэрлэлийн аргаар ургуулж, казах гэрийн мод бэлтгэх зорилгоор тухайн үеийн Ойн судалгаа хүрээлэнгийн захирал, доктор Д.Энхсайханы дэмжлэгээр, Ойн ангийн аж ахуйн дарга С.Медеухан, инженер А.Хабылтай нарын санаачилгаар нийтдээ 35 га талбайд мод тарьж байжээ.

Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын захиргааны үе үеийн ажилчид 1998 оноос хамт олноороо жил бүр 5 га газарт шинээр мод тарьсаар 2010 он хүртэл нийтдээ 126 га болон өргөжжээ. Одоо тухайн талбайд улиас, бургас, чацаргана зэрэг гурван төрлийн 187.5 мянган ширхэг мод ургаж байна.

Тус ойжуулсан талбайд 2018 оноос зэрлэг халиун буга ирж өвөлждөг болжээ. Тухайлбал, 2018 онд 4 буга, 2019 онд 5, 2020-2021 оны өвөл 8-10 буга ирж өвөлжиж байна. 

Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны ажилчид саяхан дээрх амьтдад зориулж мод үржүүлгийн талбайд 500 кг давс, 4 тонн өвс тавьж био техникийн арга хэмжээ авсан ажээ.

Холбоотой мэдээ