Илон Маск нэг өдрийн дотор 15 тэрбум ам.доллар алджээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-24 12:06:39

ЛОНДОН. /BBC/. Автомашины “Tesla” компанийн хувьцаа 20 хувиар унасны дараа тус компанийг үүсгэн байгуулагч Илон Маск нэг өдрийн дотор 15 тэрбум ам.долларыг алджээ.


Тийнхүү дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад тэргүүлэгч байр сууриа дахин "Amazon” корпорацийн тэргүүн Жефф Безост алдав.


И.Маск даалууны нөлөөнд өртсөн байж болзошгүй юм гэж “Wedbush Securities” компанийн шинжээч Дэн Айвс үзэж байна. Тодруулбал, И.Маскын компани асуудал тариагүй ч биткойнтой холбогдох болсноор биткойны ханш унах үед “Tesla”-гийн хөрөнгө оруулагчид хувьцаанаасаа татгалзсан гэж дүгнэжээ.


И.Маск биткойнд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсний дараа энэ бүхэн болсон юм.


Хөрөнгө оруулагчид яагаад биткойноос татгалзах болов?

Биткойнд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, цаашид төлбөр тооцоогоо тус криптовалютаар хийхээр төлөвлөж байгаа тухай “Tesla” компанийн мэдэгдэлд дурдсаны дараа биткойны ханш 50 гаруй хувиар өссөн юм.


Тийнхүү ням гарагт нэг ширхэг нь 57 мянган ам.доллар буюу түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн биткойны ханш 20 хувиар буурч, мягмар гарагт 48 мянган доллар болжээ. Гэсэн ч биткойны ханш И.Маск томоохон хөрөнгө оруулалт хийх тухайгаа мэдэгдэхээс өмнөх үеийн ханшаас илүү хэвээр байв.


Биткойны ханш огцом өссөн гэдэгт И.Маск итгэж байсан бол одоо ханш нь унаж байгаа нь түүний итгэл үнэмшлийг няцааж байна. Амралтын өдөр тэрбээр “Твиттер” хуудастаа “биткойны ханш өндөр байна гэж бодож байна” хэмээн мэдэгдсэнтэй нь холбоотойгоор асуудал үүсжээ.


Удалгүй АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен биткойныг шилжүүлэг хийхэд тун тохиромжгүй арга гэж мэдэгдсэн нь гал дээр тос нэмсэн хэрэг болжээ.


“Tesla” компани өөр ямар асуудалтай тулгарав?

И.Маскыг криптовалют сонирхож байх хооронд компани хэд хэдэн асуудалтай тулгарчээ.


Нэг удаагийн цэнэгээр туулах замыг уртыг нэмэгдүүлэхийг зорьж байгаагийн улмаас “Y” хэмээх хямд загварын автомашиныхаа борлуулалтыг түр зогсооно гэдгээ компани мэдэгджээ.


Цэнэг хураагуур шатсан, хурд хяналтгүй байгаа тухай мэдээллүүд гарсантай холбогдуулан чанарын тухай тайланг танилцуулахыг Хятадын зохих байгууллага хоёрдугаар сарын эхээр “Tesla” компаниас хүсжээ.


Түүнчлэн сүүлийн үед хүмүүс цахилгаан автомашин их сонирхох болсноор "General Motors”, “Volkswagen” зэрэг компани энэ чиглэлээр зах зээлд өрсөлдөх болов.


И.Маскын хөрөнгийн гол эх үүсвэр "Tesla”-гийн хувьцаа хэвээр байна. Өнгөрсөн онд компанийн нэг ширхэг хувьцаа нь 90-ээс 700 ам.долларт болтлоо өсжээ.


Нэгдүгээр сард тэрбээр "Amazon” корпорацийн тэргүүн Жефф Безосыг ардаа орхиж дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад тэргүүлсэн юм. Үүнээс гадна өрсөлдөгч компаниудтай харьцуулахад “Tesla” компанийн автомашин үйлдвэрлэлийн хэмжээ шалихгүй атлаа хэтэрхий өндөр үнэлэгдэж байгааг хүмүүс сонирхох болсон байна. 

Холбоотой мэдээ