Хятадын гурав дахь вакцин зах зээлд нэвтрэх хүсэлт гаргажээ

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2021-02-24 16:13:42

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын “Cansino Biologics” энэ сарын 21-ний өдөр өөрийн бүтээсэн COVID-19 -ийн вакциныг зах зээлд нэвтрүүлэхээр Хятадын Үндэсний Эмийн хяналтын газарт зөвшөөрөл авах хүсэлт гаргажээ.

    Одоогоор, тус улсад “Sinovac”, “Sinopharma” компаниуд вирусийг амьгүйжүүлж, идэвхгүйжүүлэх аргаар гаргаж авсан хоёр вакцинд зөвшөөрөл олгоод байгаа бөгөөд “Cansino” компанийн вакцин зөвшөөрөл авсан тохиолдолд гурав дахь вакцин болж бүртгүүлэх юм. Түүнчлэн булчирхайн вирусийг зөөвөрлөх аргаар гаргаж авсан анхны вакцин болох юм.

    “Cansino” компанийн вакцин нь тус компани Цэргийн Шинжлэх ухааны академийн Био инженерийн хүрээлэнгийн Чөнвэй академичийн багтай хамтран гарган авсан булчирхайн вирусийг зөөвөрлөж, дахин нэгтгэх аргаар хөгжүүлсэн вакцин (Ad5-nCoV) аж.

    Мөн тус вакцин нь Пакистан, Мексик, ОХУ, Чили, Аргентин зэрэг таван улсад 40 мянга гаруй хүн дээр эмнэлзүйн гуравдугаар шатны туршилтыг явуулсан байна.

    Гуравдугаар шатны туршилтын үр дүнгээс харахад, тус вакциныг нэг удаа тарьснаас хойш 28 хоногийн дараа вакцины ерөнхий хамгаалалтын үр дүн 65.28 хувь, харин вакциныг нэг удаа тарьснаас хойш 14 хоногийн дараа вакцины ерөнхий хамгаалалтын үр дүн 68.83 хувьтай байжээ.

    Харин хүнд өвчилж буй тохиолдлуудын эсрэг вакцины хамгаалалтын үр нөлөө нь нэг тариулснаас 28 хоногийн дараа 90.07 хувь, нэг тариулснаас 14 хоногийн дараа 95.47 хувьтай байв.

    Тиймээс компаниас ДЭМБ болон БНХАУ-ын коронавирусний вакцинд тавигдаж буй холбогдох чанар, стандартыг бүрэн хангаж байгааг онцолсон байна.

    Өмнө нь гарч байсан мэдээллээр, тус вакцин нь нэг удаа тарихад л хамгаалалт бий болгодог ба тээвэрлэлт, хадгалалтын хувьд харьцангуй боломжийн нөхцөлтэй юм. Судалгааны үр дүнгээр, вакциныг 2-8 хэмд наад зах нь гурван сар, 25-аас дээшгүй хэмд хоёр сар, 37-гоос дээшгүй хэмд гурван долоо хоног хадгалах боломжтой.

Холбоотой мэдээ