"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нд ажилласан эмч, мэргэжилтнүүдийг урамшуулна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-02-24 19:22:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн ажлыг зохион байгуулахад голлох үүргийг гүйцэтгэсэн эмнэлгийн удирдлагуудтай Эрүүл мэндийн сайд С.Энхболд цахимаар холбогдон талархал илэрхийлэв.


Монгол Улсын Засгийн газраас энэ сарын 11-23-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулсан Эрүүл мэнд, Цагдаа, Онцгой байдал, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналт зэрэг байгууллага Улсын онцгой комиссын удирдлага дор өргөн хүрээнд ажилласан юм.


Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Монгол Улсын төр томоохон нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулах өндөр чадамжтай гэдгийг харуулсан үйл явдал нь Нэг хаалга-Нэг шинжилгээ ажил боллоо. Энэхүү ажилд Эрүүл мэндийн салбарынхан манлайлан оролцож, хамгийн чухал үүргийг гүйцэтгэн ажиллаж чадсанд салбарын сайдын хувьд баярлаж, талархаж буйгаа хэлье. 1900 гаруй эмч, эмнэлгийн албан хаагч 24 цагаар 12 хоногийн турш дайчлагдаж 500 мянга гаруй хүнд шинжилгээ хийсэн нь Монгол Улсад COVID-19-ийн эсрэг вакцинжуулах ажлыг эхлүүлэх үндсэн суурь болж чадав. Өчигдөр вакцинжуулалт эхэлж, эрүүл мэндийн салбарын эмч, албан хаагч нар вакцинжуулалтад хамрагдаж байна. 12 хоногийн турш хичээж ажилласан Эрүүл мэндийн салбарын эмч, албан хаагчдынхаа илүү цаг, урамшууллыг өнөөдөр шийдвэрлэлээ” гэв.


Цахим уулзалтад оролцсон Нийслэлийн эрүүл мэндийн газар болон дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үед хуримтлуулсан туршлагаа хуваалцаж, цаашид ажиллах арга барилаа танилцуулав. Дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн хувьд COVID-19-ийг илрүүлэх шинжилгээний лаборатори хэвийн ажиллах нөхцөл бүрдэж, цаашид шинжилгээ авахад хүндрэл гарахгүй болсныг онцолж байсан юм.


Холбоотой мэдээ