Зорилтот өрхийн гэр бүлийн хөгжлийг дэмжинэ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-25 11:12:26

Ховд /МОНЦАМЭ/.  Гэрээр айлчлагчдын уулзалтыг энэ сарын 24-нд Ховд аймагт зохион байгууллаа. 

Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Жаргалант сумын ЗДТГ хамтран Жаргалант сумын 12 багийн 45 өрхөд гэрээр айлчлах аргачлал буюу гэр бүлийн хөгжлийг дэмжих туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ.

Энэ хүрээнд тэтгэвэрт гарсан ахмад багш, эмч нарын төлөөлөл 9 хүнийг гэрээр айлчлагч”-аар бэлтгэсэн аж.

Тус аймагт амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой, гурав ба түүнээс дээш хүүхэдтэй, 21-50 насны 45 өрхийн 246 иргэн байгаа. Үүнд 5 хүртэлх насны 55 хүүхэд, 6-13 насны 73 хүүхэд, 14-18 насны 21 хүүхэд байна. 

Мөн архины хамааралтай 34 өрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй 14 өрх байна.

Эдгээр өрхийн нөхцөл байдлын үнэлгээг холбогдох байгууллагаас хийжээ. Улмаар хүүхдийг сонирхлын дагуу клуб нээж хөгжүүлэх, зарим иргэнийг архины хамаарлаас гаргах, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах чиглэлд гэрээр айлчлагч” нар анхаарч ажиллана. Мөн 5 хүртэлх насны хүүхдээ асрах, сувилах амьдралын чанарыг дээшлүүлэх бүлэг үүсгэж, тоног төхөөрөмж шийдвэрлэн өгч, өрхийн жижиг бизнес эхлүүлэх хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ажлын төлөвлөлт хийж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.

 

Холбоотой мэдээ