Д.Нарангэрэл: Коронавирусний вакциныг жил бүр хийлгэх шаардлага гарч магадгүй

Монголын мэдээ | Эрүүл мэнд
ariunbold@montsame.mn
2021-02-25 11:44:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс 18-аас дээш насны иргэдээ вакцинд бүрэн хамруулах зорилт тавин ажиллаж байна. Тиймд вакцин тойрсон зарим асуудлыг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нараас тодрууллаа.


-Вакцинжуулалт эхэлснээр дэлхий дахинд халдвар багасаж байна. Үүнтэй зэрэгцээд вакцины хэрэглээ нэмэгдэх нь ойлгомжтой. Манай улс насанд хүрсэн хүн амаа энэ оны 7 дугаар сард бүрэн вакцинжуулна гэж өмнө нь мэдээлж байсан. Гэтэл саяхан Эрүүл мэндийн сайд энэ оны эцэс гэхэд бүрэн вакцинжуулна гэлээ. Энэ нь вакцин үйлдвэрлэгчдийн нөөц боломжтой холбоотой юу, ер нь дараагийн ээлжийн вакцин оруулж ирэхэд манай улсад бэрхшээл байгаа юу?


Д.Нарангэрэл: Манай улс 2020 оны долоодугаар сараас дархлаажуулах төлөвлөгөөгөө гаргаад явж байгаа. Ер нь бол бид аль болох богино хугацаанд хүн амынхаа 60 хувьд вакцин хийж, дархлаажуулах зорилт тавин ажиллаж байгаа.


-Вакцин өвчлөлөөс сэргийлж байгаа ч халдвар тээх эрсдэлгүй гэсэн үг биш гэдгийг ДЭМБ саяхан мэдээлсэн. Тэгэхээр 16-гаас доош насныхныг вакцинжуулах хэрэгцээ ихсэж байна. Энэ талын судалгааг хэдэн оронд хийж байна вэ. Ер нь одоогоор гараад байгаа вакциныг хүүхдэд хийж болохгүйн шалтгаан нь чухам юу вэ, тодорхой мэдээлэл өгнө үү? 


Д.Нарангэрэл: Одоо бол ихэнх вакциныг 18-аас дээш насныханд хийж байгаа. Ганцхайн Файзерын вакциныг 16-гаас дээш насныханд хийнэ гэсэн заавартай. ДЭМБ-аас вакцины талаар олон судалгаа хийдэг. Үүнд, ДЭМБ-ын зөвлөх багууд, Дархлаажуулалтын дэлхийн зөвлөх хорооны хүмүүс вакцин хийх бүрт нь судалж, мэргэжлийн баг томилдог. Вакцин хийлгэснээр хүн өөрөө халдвар тээх эрсдэл нь багасна. Халдвар бол авна. Яагаад вэ гэхээр, коронавирус агаар дуслын, амьсгалын, ахуйн хавьтлын гэсэн гурван замаар халдаж байгаа тул вакцин хийлгэсэн ч халдвар авна. Халдвар авахдаа хөнгөн хэлбэрээр өвчилнө, эсхүл огт өвдөхгүй. Энгийнээр хэлбэл, жижиг вирусийг хүний биед өвчин үүсгэх хэлбэрээр биш өчүүхэн бага тунтай эсрэг төрөгчийг оруулж байгаа юм. Үүний дараа хүн халдвар авбал эсрэг бие үүсээд, вирусээ таньж устгадаг дархлааны систем. Халдвар авна, гэхдээ халдвар тараах эсрдэл нь бага. Вакцин бүрэн тунгаар авч байж, дархлаа тогтоно гэдгийг хэлмээр байна.


-Куба улс вакцин хөгжүүлж байна. Манай урд хөршид өчигдөр гурав дахь компани нь вакцинаа зах зээлд нэвтрүүлэх зөвшөөрөл хүссэнээ мэдэгдсэн. Энэ мэтээр цаашид ч олон вакцин хэрэглээнд нэвтрэх нь. Тэгэхээр манай улс цаашид шинээр гарч байгаа вакцинуудыг оруулж ирэх тал дээр ямар бодлого барьж байна?


Д.Нарангэрэл: Вакцин, эмийн үйлдвэрлэл өндөр хөгжсөн, дэлхийн эмийн хэрэглээний 60-70 хувийг хангадаг Куба, ОХУ, БНХАУ, БНЭУ зэрэг орон коронавирусний вакцин хийж байгаа. Дэлхийн түүхэнд бүтэн жил гаруй үргэлжилж байгаа ийм цар тахал сүүлийн 100 жил тохиогоогүй. Тиймээс вакцины үйлдвэрүүд, эрдэмтэн судлаачид маш олон вакцин хөгжүүлж байгаа.

Одоогоор 240 гаруй вакцин хөгжүүлж байгаа. Үүнээс 66 вакцин үйлдвэрлэлийнхээ хоёрдугаар шат, 18 вакцин гуравдугаар шатны туршилтыг дуусгаж байгаа. Цаашдаа дэлхийн олон орон энэ вакциныг хийх болно. Учир нь энэ вирусний өвчлөл учраас цаашдаа цар тахал дууссан ч улирлын томуу шиг жилдээ нэг удаа хэрэглэдэг болж магадгүй гэсэн хандлага байгаа. Яагаад гэвэл, 2009 оны А хүрээний N1H1 томуу одоо бол улирлын томуу шиг болсон. Тухайн үед нийтийн дунд “гахайн томуу” гэж нэрлэгдэж байсан. Одоо бол улирлын томуугийн вакцины найрлагад орж байгаа. Тиймээс цар тахлын вакциныг цаашдаа ч улам хөгжүүлээд явах байх.


- “Нэг хаалга-Нэг шинжилгээ”- гээр нуугдмал байсан халдварын олон тохиолдол бүртгэгдсэн. Урьд нь тусгаарлагдсан хүмүүсээс 2 болон 3 дахь шинжилгээгээр халдвар илэрч байсан. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр илрээгүй, халдвар тээж байгаа хүмүүс нийтийн дунд явж байх эрсдэл их байна. ЭМЯ ямар хариу арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна вэ?


А.Амбасэлмаа: Бид эрүүл хүмүүсийн дунд хийсэн илрүүлэг шинжилгээнээс өвчтэй хүмүүсээ олоод авч байгаа. Тиймээс батлагдсан тохиолдол болон түүнтэй ойр байсан хүмүүсээс давтан шинжилгээ авна. Батлагдсан тохиолдлын хоёрдогч хавьтлаас мөн давтан шинжилгээ авах юм. Тэгээд голомтоо дагасан өргөжүүлсэн шинжилгээгээ хийх учиртай.

Холбоотой мэдээ